Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112 жилийн ойд зориулсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх өндөр чансаатай, шилдэг 128 бөхийн барилдаан арванхоёрдугаар сарын 29-ний өдөр буюу энэ долоо хоногийн Баасан гаригт Монгол бөхийн өргөөнд болно.
Энэ жилийн Ерөнхийлөгчийн цомыг аль нутгийн хэн гэдэг бөх хүртэх вэ? Өнгөрсөн жилүүдэд дараах бөхчүүд түрүүлж байв.
2011 он
- Улсын аварга С.Мөнхбат түрүүлж, улсын арслан Ц.Содномдорж үзүүрлэж байв.
2012 он
- Улсын заан М.Өсөхбаяр түрүүлж, улсын гарьд Д.Рагчаа үзүүрлэж байв.
2013 он
- Улсын заан Б.Пүрэвсайхан түрүүлж, улсын аварга Г.Эрхэмбаяр үзүүрлэж байв.
2014 он
- Улсын аварга С.Мөнхбат түрүүлж, улсын харцага Т.Өсөх-Ирээдүй үзүүрлэж байв.
2015 он
- Улсын заан Б.Пүрэвсайхан түрүүлж, улсын аварга Ч.Санжаадамба үзүүрлэж байв.
2016 он
- Улсын арслан Р.Пүрэвдагва түрүүлж, улсын аварга Ч.Санжаадамба үзүүрлэж байв.
2017 он
- Улсын харцага Т.Баасанхүү түрүүлж, улсын заан Н.Жаргалбаяр үзүүрлэж байв.
2018 он
- Тухайн үедээ улсын харцага цолтой байсан О.Хангай аварга түрүүлж, тухайн үед аварга цолтой байсан даян аварга Н.Батсуурь үзүүрлэжээ.
2019 он
- Тухайн үедээ улсын харцага цолтой байсан Б.Бат-Өлзий заан түрүүлж, тухайн үед начин цолтой байсан улсын заан Ц.Одбаяр үзүүрлэжээ.
2020 он
- Цар тахлыг улмаас барилдаан болоогүй.
2021 он
- Тухайн үедээ улсын харцага цолтой байсан Б.Бат-Өлзий заан түрүүлж, улсын гарьд М.Бадарч үзүүрлэжээ.
2022 он
- Улсын арслан Б.Орхонбаяр түрүүлж, улсын харцага Г.Бадрах үзүүрлэжээ.
Энэ жилийн тухайд өнгөрсөн жилийн түрүү Б.Орхонбаяр арслан бэртлийн улмаас сүүлийн үеийн заал танхимын барилдаанд барилдахгүй байгаа. Тэгэхээр өнжиж таарах байх. Тэгвэл ойрын үед үзүүлж буй барилдаанаар нь дүгнэвэл О.Хангай аварга түрүүлэх магадлал хамгийн өндөр бөх. Тэрбээр энэ сард болсон хоёр ч барилдаанд түрүүлээд амжсан. Түүний араас нутгийнх нь хоёр заан болох Б.Пүрэвсайхан, Б.Бат-Өлзий нарыг түрүүлэх боломжтой гэж нэрлэж болно. Хоёулаа л өнгөтэй сайхан барилдаж буй. Б.Бат-Өлзий заан энэ удаад түрүүлвэл өнөө маргаад байсан цомоо үүрд хадгалах эрхтэй болох биз. Мөн Д.Анар заан, Н.Золбоо харцага, Б.Цэдэнсодном харцага тэргүүтэй бөхчүүд өргөөний барилдаануудад идэвхтэй сайн барилдаж байгааг бөх сонирхогчид онцолж байна. Архангайн хоёр идэр харцгыг дээшээ үзэх болов уу гэж олон хүн харна. О.Мөнх-Эрдэнэ харцага саяхан Д.Мягмар зааны барилдаанд шөвгөрсөн бол Б.Зоригтбаатар харцага Баянхайрхан сумын ойн барилдаанд үзүүрлэсэн.
Н.Батсуурь, П.Бүрэнтөгс хоёр аваргын тухайд түрүүлж үзээгүй яваа цөөхөн барилдааны нэг нь Ерөнхийлөгчийн цом. Тэр ч утгаараа ид үедээ чансаа өндөр барилдаанд түрүүлэхийг зорих нь лавтай.