УИХ-аас ирэх 2024 оны төсвийг батлах үеэр нэг их хөл хөөрцөг болж УИХ-ын гишүүд сонгогдсон тойрогтоо төсөв тавиулахын тулд унатах нойроо умартан гүйлдсэн. Ингээд хуулийн хугацаанд төсвөө батлуулсан 76 гишүүн тойрог тойрогтоо тавиулсан хэдэн төгрөгөө иргэд сонгогчиддоо тайлагнахаар хуралдацгаасан.
Татвар төлөгч та, бидний мөнгөөр биш өөрсдийн халаас, өвөр түрийнээсээ санхүүжилтийг нь шийдүүлж, хөрөнгө оруулалт татаж сургууль цэцэрлэг, соёлын төв, зам харгуй, хөшөө дурсгал гэх мэтэд хэдэн төгрөг шийдүүлснээ ардын баатар аятай ам уралдан зарлацгаасан.
Төсөв батлуулсны дараа хийсэн болоод санаачилсан ажлын жагсаалтаа хэдээр ахиулж, оны өмнө тараадаг тайлан сэтгүүлийнхээ нүүрийг дүүргэх нэг биш нэжгээд материалтай болсондоо санаа нь амарцгаасан гэхэд хилсдэхгүй. Одоогоос бараг жилийн өмнө ордон тойрон гороолж нүүрсний хулгайчдыг зарлаж хариуцлага тооцохыг Засгийн газраас шаардсан иргэдийн сар гаруй хугацааны жагсаал цуглааны бодит үр дүн болох нүүрсний сонсгол өнгөрөгч хоёр долоо хоногийн турш төрийн ордонд болоход түүнийг тоосон хүн ховор.
Сүүлийн найман жилийн турш төрийн эрхэнд сандайлсан МАН-ынхан шил шилээ дарж нүүрсний хулгайтай холбогдоход ач холбогдол өгч, ард түмэнд таниулах сөрөг хүчнийхэн ч аниргүй. Нүдэн балай, чихэн дүлий мэт амаа үдүүлж, нүдээ боолгосон хэвээр…
Харин ч эсэргээрээ төрийн эрх мэдлээс бүхэл бүтэн хоёр парламентын хугацаанд алсаас ажиглагчийн үүрэг гүйцэтгэсэн Ардчилсан намынхан бүхий л хулгайд нэр холбогдож, хулгайчдын загалмайлсан эцгээр тодорсон гэхэд хилсдэхгүй. Угтаа сөрөг хүчний байгаа царай, чадамж ердөө л энэ.
Ирэх оны сонгууль өдрөөр биш цаг минутаар хэмжигдэж байгаа энэ үед сөрөг хүчин шиг сөрөг хүчинтэй байсан бол түлш шатахууны хомсдол, үнийн өсөлт, өрийн дарамт, цахилгааны хязгаарлалт, замын түгжрэл, нүүрсний хулгай, Хөгжлийн банк, төмөр зам, Тавантолгой, төсвийн зардал, төрийн албаны данхайлт гэх мэт А гэвэл Б хэмээн шүүмжлэх өнцөг, сөрөх үг нэг биш нэжгээд байна.
Харамсалтай нь Ардчилсан намынханд тийм ухаан хийгээд манлайлал алга. Дүлийдээ найдаж унгараг гэгчээр Ардчилсан намынханд болоод удирдлагад нь “сөрөг хүчин” гэдэг тодорхойлолт ахадсан уу эсвэл хүндэдсэн үү аль нэг нь болсон нь лавтай. Нэр нь хүндэдсэнээс болж бие нь ороолгосон хүүхэддээ сайн багшаас нэр гуйхад “босоо ороолон” гэж нэрлэсэн тохиолдол олон. Ямартай ч Ардчилсан намынхан сөрөг хүчин гэдэг тодорхойлолтоо ухаж ойлгож, ухаарч ойлгох хүртэл нь тэднээс нэг их зүйл хүлээгээд хэрэггүй гэдэг нь олон зүйл дээр тодорхой харагдав.
Хамгийн сүүлийн жишээ гэхэд өчигдөр МАН болоод Ардчилсан намын бүлгүүд хуралдах ёстой байсан ч аль ч бүлгийн хуралдаан болсонгүй. Төрийн ажил эзэнгүйдэж, төрийн ордон эзгүйрэв. Харин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Сангийн сайд Б.Жавхлан нар Монгол Улсын Засгийн газраас гаргасан бондын эргэн төлөлтийн талаар мэдээлэл хийлээ. Засгийн газар өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд 13.3 их наядын гадаад зээлийн өр төлбөрийг барагдуулж, үүнээс 2.6 их наяд нь хүүгийн төлбөр байсан аж. “Ирэх жилүүдэд бондын хугацаа өр төлбөр байхгүй учраас Монгол Улсын зээлжих зэрэглэл өсөх суурь нөхцөл бүрдсэн. Энэ нь хувийн хэвшлүүд гадаад зах зээлээс бонд босгоход хүү багатай байх таатай орчин бүрдээд байна” гэж мэдэгдлээ. Цаашилбал Монгол Улсын зээлжих зэрэглэл дараа дараагийн жилүүдэд В гэсэн ангиллаас зэрэглэл нэмэгдэх боломжтой гэдгийг дуулгаж эрх баригч нам хийсэн ажлынхаа жагсаалт болоод үр дүнг нэгээр ч болов нэмэгдүүлж амжив.
Тус мэдэгдлийн дараа цахим орчинд “Өрийг өрөөр санхүүжүүлэх нь эерэг үзүүлэлт биш. Монгол Улсын нийт өрийн хэмжээ нэмэгдсэн үү гэхээс хасагдаагүй” гэх мэт олон шүүмжлэл дагуулсан ч эцэстээ МАН иргэд, олон нийтэд хүргэх ёстой өнцөг, хэлэх гэсэн үгээ хүргэж чадлаа. Гэтэл сөрөг хүчин гэгдэх Ардчилсан намынханд бүлгийн хурлаараа хэлэлцэх асуудал, хэлэх өнцөг юу ч үлдээгүй бололтой.
Монгол Улсын 3.4 сая иргэн УИХ-д өөрсдийн дуу хоолойгоо төлөөлүүлэхээр 76 төлөөлөл сонгож илгээсэн. Гэсэн хэдий ч иргэдийн өмнө тулгамдаад байгаа асуудал, дуу хоолойг төлөөлж дуугарах УИХ-ын гишүүд төрийн ордонд алга. Тэдэнд өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд хаанаас, хэнийг төлөөлж сонгогдсон гэдэг нь одоо үнэндээ сонин биш. Харин ирэх дөрвөн жил хэнийг төлөөлж, хаанаас сонгогдох нь сонин байгаа учраас шинэ оноос өмнө амжиж дараагийн сонгогчиддоо таалагдах төлөвлөгөө боловсруулаад удаж байна.
Тийм учраас бэлэг сэлт, бэлэн мөнгө тараах боломжит хугацаа нь он гармагц зогсохоос өмнө амжиж үлдсэн тав хоногийн хугацаанд дараагийн сонгогдох тойргоо усалж, тойргийнхоо иргэд, сонгогчидтой амжиж уулзахын тулд ордонд нь суух нь бүү хэл орондоо орох ч завгүй байна.
УИХ-ын нэгдсэн чуулганы танхимд сууж хууль хэлэлцдэг, үгээ хэлж үзэл бодлоо уралдлуулдаг гишүүд ховордсон.Чуулганы хуралдаан завсарлахада 10 хүрэхтэй үгүйтэй гишүүд ганц нэгээрээ гарч ирдэг болоод удсан. Тухайлбал, нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өмнө хамгийн их тулгадаж байгаа агаарын бохирдлыг бууруулахын тулд өнгөрсөн хугацаанд ямар ажил хийж, хэдэн төгрөг зарцуулсан талаарх асуулга хотоос сонгогдсон гишүүдэд түй ч хамаа байгаагүй. Гэр хорооллыг дахин төлөвлөж орон сууцжуулах ажлын үр дүнг ч тэд тоогоогүй…
Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын нэгдсэн чуулганаар сонгуулийг томсгосон тойргоор явуулах тойргийн зураглалаа баталцгаасан. Хоёрдугаар сарын 01-ний дотор тойрог болоод сонгуулийн товыг зарлах хуулийн хугацаатай ч нүүрсний сонсгол, шинэ жилийн дуулианаар далимдуулж сэм тойргоо зурцгаасан. Тийм учраас том тойргоос сонгогдохоо мэдсэн хашир туршлагатай УИХ-ын гишүүд сугалаатай, сугалаагүй, бэлэгтэй, бэлэн мөнгөтэй уулзалтанд дарагдаж намрын чуулган завсарлахыг хүлээж ядаж байна. УИХ-ын гишүүдийн дийлэнх нь хөдөө орон нутагт болоод тойрог, тойрогтоо хийх уулзалтуудад дарагдсан учраас ордонд байрлах өрөөндөө очих зав тэдэнд үлдсэнгүй.