Шинэ оны классик кинонуудын нэг бол яахын аргагүй “Гэртээ Ганцаараа” билээ. Тус кино дээр гардаг МакКалистерийн гэр бүл том хаус дотор амьдардаг. Мөн Зул сараар гэр бүлээрээ аялдгийг нь харвал тэд нэлээд чинээлэг айл байсан бололтой.
Тэгвэл МакКалистерийн гэр бүл хэр чинээлэг вэ? Энэ асуултад “New York Post” сонин хариулах гэж оролджээ. Тус сонин Чикаго хот дахь АНУ-ын Холбооны нөөцийн сангийн эдийн засагчидтай хамтран дүн шинжилгээ хийсэн байна.
Тус дүн шинжилгээнээс харвал МакКалистерийн гэр бүлийн жилийн орлого нь 305 мянган ам.доллар байж кино дээр гардаг хаусыг худалдаж авч чадах аж. 305 мянган ам.доллар нь одоогийн ханшаар 665 мянган ам.доллар юм.
Үүнээс харвал Кевин МакКалистер АНУ-ын хамгийн чинээлэг 1 хувийн гэр бүлийн хүү аж. Тэдний амьдардаг хаус нь Иллиной мужийн Виннекта тосгонд оршдог. Үл хөдлөх хөрөнгийн “Zillow” сайт тус хаусыг 2.34 сая ам.доллароор үнэлсэн байна.
Эдийн засагчдын хэлж буйгаар байшингийн одоо цагийн үнээс харахад МакКалистерийн гэр бүлийн жилийн орлого дор хаяж 730 мянган ам.доллар байвал худалдаж авах боломжтой байна гэж үзжээ.
Тэгвэл Кевиний аав ээж хоёр ямар мэргэжилтэй болоод ийм ийм үнэтэй хаус худалдан авах чадвартай байх бол?
Зарим хүмүүс Кевиний ээж Кэйт МакКалистерийг загвар зохион бүтээгч байх магадлалтай гэх таамаглалыг дэвшүүлжээ. “Гэртээ Ганцаараа 1” кино дээр тэдний гэрт олон тооны манекен гардаг учир ингэж таамаглах болсон байна. Харин Кевиний аав Петр МакКалистерийн хувьд киног сэдэвлэсэн зохиолыг бичсэн Тодд Страссер бизнес эрхлэгч байсан гэж боддог гэдгээ хуваалцжээ.