“Шимэгч” киноны жүжигчин Ли Сун Кюн болон “Big Bang” хамтлагийн “G Dragon” нар хар тамхины хэрэгт холбогдон, шалгуулж байсан. “G Dragon”-ы хувьд хар тамхины хэргээр яллахгүй байх шийдвэр саяхан гарсан билээ.
Тэгвэл өнөөдөр /2023.12.27/ 10:30 цагийн орчимд Ли Сун Кюныг Сөүлийн төв хэсэг дэх Сонбүк дүүрэгт машиндаа нас барсан байхыг олжээ. Тэрээр тайвшруулах үйлчилгээтэй хориотой хар тамхи татсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн байсан. Хамгийн сүүлийн байцаалт нь өнгөрсөн Бямба гаригт болжээ.
Одоогоор түүний үхлийн шалтгаан бүрэн тодорхой болоогүй байна. Түүнийг гэрээслэл маягийн зүйл бичээд гэрээсээ гарсан гэх мэдээлэл байна.
Ли Сун Кюн нь 2020 онд Оскарын шагнал хүртсэн “Шимэгч” киноныхоо дүрээр алдартай. Тэрээр 48 настай байжээ. Түүнийг энэ оны нэгдүгээр сараас аравдугаар сар хүртэл хар тамхи хэрэглэсэн нь тогтоогдсон гэж хэвлэлээр мэдээлээд байв. Тодруулбал, шөнийн цэнгээний газар болон бусдын гэрт олны танил, дадлагажигч гэх мэт өөр найман хүний хамт хар тамхи хэрэглэсэн гэжээ.
Эх сурвалж: KOREA JOONGANG DAILY