Одоогоос 74 жилийн тэртээ нээлтээ хийсэн “Цогт тайж” киноны уран бүтээлчдээс ганцаараа сэрүүн тунгалаг байгаа МУ-ын Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар Л.Цогзолмаа 100 нас хүрлээ. Лувсанжамцын Цогзолмаа нь 1924 онд Төв аймгийн Угтаал-Цайдам суманд төржээ. Тэрбээр 1940 онд Урлагийн сургуулийн жүжигчний ангид орж 1942 онд төгссөн байна. Ингээд улсын циркт жаз хөгжимчин, төв театрт дуучин, жүжигчнээр ажиллаж байв. Мөн 1957-1961 онд МУИС анх удаа мэргэжлийн найруулагчийн анги нээхэд элсэж төгсжээ.
Өдгөө 100 насны өндөр босгыг даваад буй Ардын жүжигчин Л.Цогзолмаа
- 1945 онд “Цогт тайж” түвдийн гүнж Дулмаа
- 1956 онд “Манай аялгуу” дуучин
- 1979 онд “Бушхүүгийн үлгэр” Наран ээж зэрэг дүрүүдийг кино урлагт мөнхөлсөн.
Түүнд 1945 онд БНМАУ-ын гавьяат жүжигчин, 1951 онд БНМАУ-ын Маршал Чойбалсангийн нэрэмжит шагнал, 2001 онд МУ-ын Ардын жүжигчин, 2007 онд МУ-ын Хөдөлмөрийн баатар цол хүртээсэн. Харин түүний охин Намсрайн Сувд энэ жил 76 нас хүрч буй. Н.Сувд нь Монголын кино урлагт голлох хувь нэмэр оруулсан томоохон төлөөллийн нэг билээ.