Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчилсэн найруулга 2023 оны долдугаар сарын 7-ны өдөр батлагдаж, 2024 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж байна.
Уг хуулийн онцлох заалтуудыг Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яам(ХНХЯ)-наас танилцууллаа.
2023 оны есдүгээр сарын байдлаар манай улсад 56.1 мянган ажил олгогч, албан журмаар даатгуулагч нэг сая иргэн байгаа бол 142.2 мянган хүн сайн дураар даатгуулагч байгаа юм.
Хуулийн шинэчлэлээр тэтгэврийн хуримтлалын тогтолцоонд үе шаттай шилжих зорилгоор даатгуулагчийн нэрийн дансны мөнгөжүүлсэн орлогыг байршуулах тэтгэврийн нөөц санг бүрдүүлнэ. Тэтгэврийн нөөц санд байршуулсан даатгуулагчийн мөнгөжүүлсэн орлогыг түүний саналд үндэслэн Нийгмийн даатгалын ерөнхий хуульд заасан санхүүгийн хэрэгсэлд болон тухайлсан хуулиар зохицуулсан эрүүл мэнд, боловсрол, орон сууцны ипотекийн санхүүжилтэд хөрөнгө оруулж болно хэмээн тус яамнаас мэдээлэв.
2023 оны есдүгээр сарын байдлаар манай улсад 492.4 мянган иргэн тэтгэвэр авч байна.
Дундаж тэтгэврийн хэмжээ
- 2021 онд 416.1 мянган төгрөг,
- 2022 онд 549.5 мянган төгрөг байсан бол
- 2023 онд 685.6 мянган төгрөг болж нэмэгджээ.