Энэ 2024 он бол дэлхийн ардчилал эргэлтийн цэгтээ хүрч, хэмжээлшгүй эрхт дэглэм рүү ухрах уу гэдгийг “сонгох” чухал жил. Тодруулбал, дэлхийн хүн амын тал орчим хувь буюу 3.8 тэрбум хүн хууль тогтоох байгууллага, ерөнхийлөгчөө сонгох чухал сонголтыг хийнэ. Монгол Улсын тухайд ирэх зургадугаар сард анх удаа томсгосон тойргоор парламентын 126 гишүүнийг сонгоно. АНУ-аас эхлээд Их Британи, Европын холбоо, Энэтхэг, Мексик, Тайвань, Индонез хүртэл дэлхийн стратегийн хамгийн чухал улс орнуудад энэ жил сонгууль болох юм.
Тэгвэл дэлхийн тал хувь нь ардчиллаас МЭӨ 6-р зуунд язгууртнуудын анхлан байгуулсан хэмжээлшгүй эрхт засгийн газрын хэлбэр рүү гулсах эрсдэл өндөр байгааг олон улсын улс төрийн шинжээчид анхааруулж байна. ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин, Ираны дээд удирдагч Аятолла Али Хаменеи зэрэг дарангуйлагчид өөрсдийн засаглалыг бэхжүүлэхийг хичээхээс гадна барууны орнуудад ардчилал эрсдэлд орж байна гэж тэд үзэж байна.
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп ирэх арваннэгдүгээр сард болох дахин сонгуульд ялбал ардчилсан институцуудыг улс төрийн өрсөлдөгчдийнхөө эсрэг “зэвсэг” болгоно гэж сүрдүүлж байна.
Түүний улиран сонгогдох магадлалтай байгаа нь Украины дайнд нөлөөлөхөөс гадна НАТО-гоос АНУ-ыг нүүр бууруулахад түлхэх эрсдэлтэй. Түүнчлэн Оросын эзэнт гүрнийг сэргээн босгож, Төв болон Зүүн Европ дахь сүлжээнд нөлөөлөх Путины “урт гарыг чөлөөлнө” гэсэн айдас Европт хэдийнэ түгэж байна.
Европт ирэх зургадугаар сард болох Европын холбооны сонгууль нь хэт барууны намууд, магадгүй Франц, Германд эрх мэдлийг авах, Брюссель болон Европын холбоонд исламын шашинтнуудын эсрэг дайсагнасан үндсэрхэг засгийн газар байгуулагдах магадлалтай. Эдгээр намууд эрх мэдэлд хүрэхийн тулд сонгуулийн дараагийн өдрөөс л бие даасан шүүх засаглал, чөлөөт хэвлэл гэх мэт Европын ардчиллын гол сууриудад заналхийлнэ гэж үзэж байна.
Жоржтауны их сургуулийн төрийн бодлогын профессор, Европын холбооны хуулийн шинжээч Даниел Келемен “Дэлхий дээрх ардчиллын төлөв байдалд санаа зовох нь зүй ёсны хэрэг. Ардчиллын үнэт зүйлсийн талаарх судалгаанд тааруухан эрэмбэлэгддэг газрууд төдийгүй АНУ, Европын холбоо зэрэг ардчилал тогтсон орнуудад ч ардчилал хаа сайгүй сорилтод өртөж байна” гэв.
Хамгийн эхэнд нэгдүгээр сарын 13-нд Тайваньд өндөр эрсдэлтэй сонгууль болох бөгөөд энэ нь БНХАУ-ын дарга Ши Жиньпин арал дээрх ардчиллыг цаашид тэвчих үү, эсвэл халдан довтлох уу гэдгийг шалгах сорилт болж хувирна.
Европын улс төрийн эмзэг байдал арванхоёрдугаар сарын сүүлийн долоо хоногт мөн бүрэн дүүрэн харагдсан. Белград хотод сонгууль будлиантай болсон гэж үзсэн иргэдийн жагсаалын дараа Сербид олон арван хүнийг саатуулжээ. Тэд популист ерөнхийлөгч Александр Вучич хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон төрийн албан хаагчдад нөлөөллөө урвуулан ашигласан хэмээн шүүмжилж байна. Харин Путинтэй найрсаг харилцаатай Вучич жагсаалыг Украин маягийн “Майдан”-ыг “өөгшүүлэхийг” зорьж байна гэж Барууны орнуудыг буруутгасан.
АРДЧИЛАЛ ХУМИГДСААР БАЙНА
Өнөөгийн ардчилал засаглалын бусад хэлбэрүүдтэй харьцуулахад дэлгэрсэн байдлыг судалсан судалгааг харвал түгшүүртэй хандлагыг олж харна. Шведийн Гётебургийн их сургуулийн “V-Dem” хүрээлэнгийн мэдээлснээр, сүүлийн хэдэн арван жилд ардчилал автократ засаглалд байр сууриа маш хурдан алдаж байна. Дэлхий даяар “Ардчиллыг эдэлж буй иргэдийн дэлхийн дундаж түвшин 2022 онд 1986 оны түвшинд хүртэл буурсан” гэж “V-Dem”-ийн судлаачид 2023 оны тайландаа бичжээ. Сүүлийн хорь гаруй жилийн хугацаанд анх удаагаа хаалттай автократ засаглалын тоо либерал ардчилсан орнуудаас давсан байна.
Ялангуяа, Ази-Номхон далайн бүс нутагт ардчиллын огцом бууралт ажиглагдав. Ази-Номхон далайн бүс нутагт хүн амын 72 хувь буюу 5.7 тэрбум хүн автократ дэглэмийн дор амьдарч байгааг “V-Dem”-ийн судлаачид 2022 онд тогтоосон.
Ардчиллыг хэмжигч өөр нэг байгууллага, “Freedom House”-ын хамгийн сүүлийн тайлан ч таагүй үр дүнг харуулсан. “Дэлхийн эрх чөлөө” гэж Вашингтонд төвтэй ашгийн бус байгууллагын мэдээлснээр, 2023 онд үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө нь автократ руу чиглэсэн дэлхийн жагсаалын гол хохирогч болж, “17 дахь жилдээ дараалан буурлаа” гэж бичжээ.
Киевийн ардчиллын хүсэл тэмүүллийг таслан зогсоох, Европын холбоотой харилцааг нь таслах зорилготой Оросын эзлэн түрэмгийлэл нь ардчилал автократ дэглэмүүдийн шууд халдлагад өртөж байгаагийн нэг жишээ болгон “Freedom House “онцолжээ.
Ирэх зургадугаар сард олон зуун сая хүн саналаа өгөх Европын холбооны сонгуулийн тухайд Европт автократ руу бөөнөөр шилжих аюул харьцангуй бага. Гэсэн ч Европ дахь автократуудыг, тухайлбал Унгарын удирдагч Виктор Орбаныг хүлцэн тэвчиж байгаа нь бусад хүмүүсийг түүний замаар явахыг уриалж, аюултай жишгийг бий болгож байна гэж Келемен анхааруулав. Үнэн хэрэгтээ Европын олон улс Орбаны эрх мэдлийн загварт өртөх магадлал өндөр байдаг. Болгар зохион байгуулалттай гэмт хэрэг, Оросын нөлөөллөөс болоод сул ардчилалтай орон. Грек улс төрийн байгууллагуудад үзүүлэх дарамт шахалтаас болж олны анхаарлын төвд байгаа. Энэ бүхэн нь гишүүн орнуудаа хууль дээдлэх ёс, ардчиллын ухралтаас сэргийлэхэд хангалттай ажиллаж чадаагүй Европын холбооны үйл ажиллагаатай холбоотой.
СОНГОГДСОН АВТОКРАТУУДЫН СЭРГЭЛТ
Путин болон түүний шүтэн бишрэгчид Европын холбоон дахь ардчиллыг сүйтгэх нийтлэг сонирхолтой гэж Келемен тодорхойлж байна. Европын холбооны сонгуулийн өмнө Франц, Нидерланд, Герман болон Европын холбооны бусад томоохон орнуудад хэт барууны үзэлтэй намууд олширч байна. Эдгээр намууд эрх мэдлээ баталгаажуулж чадахгүй ч зургадугаар сарын 6-9-нд болох санал хураалтад өндөр оноо авбал Европын холбооны бодлогод улам их нөлөө үзүүлэх эрсдэлтэй.
Франц дахь HEC бизнесийн сургуулийн Европын холбооны хуулийн профессор Альберто Алеманно хэлэхдээ “Энэ бол дүрэмд суурилсан дэг журам зөрчигдөх жил байж магадгүй юм. 2024 оны дэлхийн “сонгуулийн супербоул”-ын үр дүн ямар ч байсан, ардчилалд хамгийн их хохирол учруулах хүмүүс өөрсдийгөө дарангуйлагч эсвэл автократ гэж нэрлэх нь юу л бол. Эсрэгээрээ, ардчиллын “нар бүтэн хиртэхэд” ойртох тусам хэвлэл мэдээллийн хэрэгслийг гартаа авах гэж яарах Орбан шиг “сонгогдсон автократууд”-аас “Ардчилал үйл ажиллагаа явуулж байна” гэсэн ялгуусан яриа сонсох болно. Энэ нь ардчиллыг хамгаалах ажлыг улам хүндрүүлж байна” гэж мэдэгджээ.
“Одоогийн сонгогдсон автократууд бүгд ардчиллын нөмрөгөөр далдлагдахыг хичээдэг. Олон хүмүүсийн хувьд төөрөгдөл болж, эдгээр дэглэмийг сонгуулийн автократууд эсвэл нэг нам давамгайлсан тогтолцоо гэж нэрлэх нь хэцүү болж байна” гэж Келемен тайлбарлав.