Энэ оны эхний өдрөөс эхлэн Дисней компани Микки Маусын анхны хувилбар дүрсийг өмчлөх эрхгүй болсон юм.
АНУ-ын оюуны өмчийн хуулийн дагуу 1928 онд анх “Steamboat Willie” энимэйшн кинонд гарснаас нь хойш 95 жилийн дараа уг дүрс нийтийн өмчлөлд шилжиж байна.
Гэхдээ Микки Маус болон түүний найз бүсгүй Минни Маус нарын анхны хувилбарыг Дисней компанийн бүтээгдэхүүнүүдтэй давхардуулалгүйгээр чөлөөтэй ашиглах эрх нээгдэж байгаа.
Тэгвэл Дисней компанийн өмчлөх эрх цуцлагдсанаас хойш 24 цаг өнгөрөөгүй байхад хэсэг уран бүтээлчид Микки Маусын дүрийг ашигласан хоёр аймшгийн төрлийн кино хийж эхэлснээ зарлажээ.
“Mickey’s Mouse Trap” (Миккийн хулганын хавх) нэртэй эхний кинонд хэсэг найз залуусыг ангуучилж буй Микки хулганын багтай цуврал алуурчныг харуулах гэнэ.
Нэр өгөөгүй байгаа хоёр дахь кинонд усан онгоцны зорчигчдыг тарчлаан зовоож буй садист хулганын түүхийг үзүүлэх ажээ.
Дисней компани Микки Маусыг ийм төрлийн кинонд ашигладаггүй тул оюуны өмчийн зөрчил үүсэхгүй гэж бүтээгчид нь үзэж байна.
“Mickey’s Mouse Trap” киноны найруулагч Жэйми Бэйли “Бид зүгээр л энэ бүгдээр зугаацахыг хүслээ. “Steamboat Willie” киноны Микки Маус хүмүүсийг алж байна гэсэн үг. Инээдтэй. Бидэнд үүнийг бүтээх зугаатай байлаа. Үзсэн хүмүүст ч мэдрэгдэх байх” гэж ярьжээ.
Түүний бүтээл энэ оны гуравдугаар сард гарах юм байна.
2022 оны “The Mean One” киногоороо танил болсон найруулагч Стивен Ламорте хараахан нэр өгөөгүй байгаа шинэ бүтээлийнхээ тухай “Уурын усан онгоцны Вилли үе үеийн хүмүүст баяр баясгалан авчирсан. Гэхдээ энэ хөгжилтэй гадна төрхийн цаана бас аймшиг нуугдаж байх боломжтой юм” гэж ярьжээ.
Түүний киноны ажил энэ оны хавраас эхлэх гэнэ.
Өнгөрсөн онд зохиолч А.А.Милнийн оюуны өмчөөс хасагдсан Винни Пух бамбаруушны дүрээр хэсэг уран бүтээлчид “Winnie the Pooh: Blood and Honey” нэртэй аймшгийн кино гаргаж байв.
Микки хулганын аймшгийн кинонууд дээрх жишгийг давтаж байна.
Хэдийгээр оюуны өмч нь биш болсон ч Дисней компанийн хуулийн баг Миккийн дүрийг ашигласан шинэ уран бүтээлүүдийг анхааралтай ажиглаж байгаа.
“Мэдээж бид Микки Маусын орчин үеийн хувилбар дүрийг болон зохиогчийн эрхэд хамаарах бусад бүтээлүүдийнхээ өмчлөх эрхийг үргэлжлүүлэн хамгаалж, Микки болон бусад алдартай дүрүүдийг зөвшөөрөлгүй ашигласны улмаас хэрэглэгчдийг төөрөгдөлд орохоос сэргийлэхэд анхаарал хандуулан ажиллах болно” гэж Дисней компаниас анхааруулжээ.
Эх сурвалж: AFP