Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд оруулсан өөрчлөлтийг ХЗДХЯ-наас танилцууллаа.
Хууль Зүй Дотоод Хэргийн сайдын зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ “Хорих ял эдлээд суллагдсан хүнд хяналт тогтоохтой холбоотой өөрчлөлт Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд орсон.
Бага насны хүүхдийг хөнөөх, хүчиндэх, бага насны хүүхдийн эсрэг бэлгийн мөлжлөг, хүн худалдаалах гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнд заасан хэргийг үйлдэж, хорих ял эдэлж дууссан, хугацаанаас өмнө суллагдсан, уучлалд хамрагдсан хүний зорчих хөдөлгөөнд тусгай төхөөрөмж ашиглан хяналт тогтооно.
Хяналт тогтоох хугацаа нь тухайн этгээдэд шүүхээс оноосон хорих ялын 1/2-ээс доошгүй байна. Тухайлбал 20 жилийн хорих ялаар шийтгүүлсэн хүн ялаа эдэлж дууссаны дараа 10 жил тусгай тоног төхөөрөмж ашиглаж хяналт тавина.
Хяналт тавих тоног төхөөрөмжийн жагсаалт, тэдгээрийг ашиглах журмыг Хууль зүйн сайд батлахаар хуульд тусгасан.
Хяналт тавих ажлыг цагдаагийн байгууллага зохион байгуулна” гэсэн мэдээллийг өглөө.
Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн өөрчлөлт 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөгдөж эхэлжээ.