НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш нэгдүгээр сарын 2-ны өдөр Монгол Улсын хошууч генерал Батсуурийн Эрдэнэбатыг Кипр дэх НҮБ-ын Энхийг сахиулах хүчний командлагчаар /UNFICYP/ томилсноо зарлажээ.
Хошууч генерал Батсуурийн Эрдэнэбат Норвегийн хошууч генерал Ингрид Гжердегийн халааг авахаар болсон байна.
Түүний хувьд Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын уугуул.
- 2010-2011 онд Либери дэх НҮБ-ын төлөөлөгчийн газарт (UNMIL),
- 2013-2014 онд Өмнөд Судан дахь НҮБ-ын төлөөлөгчийн газарт (UNMISS) батальоны командлагчаар,
- 2014-2017 оны хооронд ЗХЖШ-ын Энхийг сахиулах ажиллагааны газрын даргаар,
- 2017-2018 онд ЗХЖШ-ын ахлах офицер,
- 2018-2019 онд UNMISS-ийн Өмнөд секторын штабын даргаар,
- 2021-2022 онд Жуба секторын командлагчаар,
- 2020-2023 оны хооронд ЗХЖШ-ын штабын даргаар ажиллаж байсан.
Тэрбээр Ирак, Сьерра-Леон, Судан, Өмнөд Судан зэрэг НҮБ, Хойд Атлантын эвсэл (НАТО)-ын энхийг сахиулах болон бусад найман ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн аж.