ЦАХИЛГААНЫ ХЯЗГААРЛАЛТЫГ УРЬДЧИЛАН МЭДЭГДЭХ БОЛОМЖГҮЙ
Орос улс эрчим хүчний чадлын дутагдалд орсон тохиолдолд нэг өдрийн өмнө мэдэгдэх гэрээний заалттай талаар Эрчим хүчний яамнаас мэдээлсэн. Өөрөөр хэлбэл Оросын талаас цахилгаан нийлүүлэх цагийн хязгаараа урьдчилж мэдэгдэж, Диспетчерийн үндэсний төвд мэдээлж тохирдог зохицуулалттай сүүлийн 10-аад жилд цахилгаан импортолж байгаа аж. Хүндэрсэн нөхцөл байдалд хийх хязгаарлалт дээр хугацаа заагаагүй байна.
Диспетчерийн үндэсний төвтэй холбогдоход, өрхийн хэрэглээний цахилгааныг аль болох хязгаарлахгүй байхаар ажиллаж байгаа.
Манай компани бол эрчим хүчний системийн оператор нэгж буюу дамжуулах сүлжээ, эх үүсвэрийг хариуцдаг. Эрчим хүч хязгаарлах хуваарь гаргах боломжгүй гэсэн юм.
Харин Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-иас өгсөн мэдээллээр, цаг хугацааны хувьд шахуу байгаа учир хэрэглэгчдэд цахилгаан хязгаарлах хуваарийг урьдчилж хүргэхэд хүндрэлтэй байгаа. Хэрэглээ дээд цэгтээ хүрвэл хязгаарлалт шууд хийхээс өөр аргагүй. Хязгаарлалтыг оргил цагуудад хийж байсан бол цаашид хэрэглээ дээд цэгтээ хүрсэн тохиолдолд цаг хамаарахгүй хийнэ гэсэн юм.
Ямартай ч эрх бүхий байгууллагуудын өгч байгаа мэдээллээр цахилгаан эрчим хүчний хязгаарлалтыг цаашид ч үргэлжлүүлэх аж. Иймд хэрэглээндээ хязгаартай хандаж, цахилгаанаа хэмнэхийг анхааруулж байна. Доорх зурган мэдээлэлд Диспетчерийн үндэсний төвийн хэрэглээний нөхцөл байдлыг харууллаа.