Төв талбайд жил бүрийн өдийд мөсөн хотхоныг уламжлал болгон засдаг. Стандартын дагуу барьдаг гэх мөсөн гулсуураас хүүхдүүд унаж бэртсэн тохиолдолд хариуцлага хүлээх хүн байдаггүй байна. Тухайлбал, хоёр ч хүүхэд төв талбай дахь мөсөн гулсуур дээр тоглож байгаад унаж, бэртсэн ч хариуцлага хүлээсэн хүн байхгүй гэлээ.
Нийслэлийн соёл урлагийн газар тус мөсөн гулсууруудыг хариуцаж байгаа бөгөөд стандарт алдаагүй, эцэг эх, асран хамгаалагчдын хяналтгүйгээс хүүхэд унаж гэмтсэн байж болзошгүй гэх тайлбарыг өгч байгаа юм.
Улаанбаатарт нийт 10 гаруй байршилд төв талбайнхтай ижил мөсөн тоглоомуудыг хийсэн байна. Мөсөн тоглоомыг 14 хоногийн хугацаанд хийсэн бөгөөд ашиглаж эхэлснээс хойш хүүхэд хүнд бэртсэн нэг тохиолдол, унасан хэд хэдэн тохиолдол гарчээ.
Төв талбайн мөсөн тоглоомын хэсэгт харьяа дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэс Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэстэй хамтарч хяналт тавьж, зөвлөмж өгч ажиллаж байгаа аж.
Тус тоглоомноос хүүхэд унаж бэртсэн осол тав хоногийн өмнө гарсан бөгөөд харьяа дүүргийн цагдаагаас шалгаж байна.