Японы баруун эрэгт 7.6 магнитуд газар хөдөлснөөс хойш аврах ажиллагаа дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. Барилга, байшингийн нурангид дарагдсан хүмүүсийг аврах ажиллагаа үргэлжилж байгаа учраас харамсалтайгаар амиа алдсан хүмүүсийн тоо ч өсч, 73-д хүрээд байна. Түүнчлэн хасах температуртай өвлийн хүйтэнд нүүлгэн шилжүүлэгдсэн олон мянган хүн тусламж хүлээн өдөр хоногийг өнгөрүүлж байгаа аж.
Амь үрэгдсэн хохирогчид бүгд газар хөдлөлтийн голомт Ишикава мужийн оршин суугчид юм. Гамшгийн бүсээс 33 мянга гаруй хүнийг орон гэрээс нь нүүлгэн шилжүүлсэн бол 100 мянга орчим хүн ундны усны хангамжгүй нөхцөлд байгааг орон нутгийн албаныхан мэдээлжээ.
Хүйтэн жавар, аадар бороотой цаг агаарын нөхцөлд мянга мянган аврагчид нурангин дор үлдсэн олон хүнийг гаргахын тулд цаг нартай уралдан ажиллаж байгаа ч авто зам нурсны дээр гамшигт хамгийн их өртсөн бүс нутгийн алслагдсан байршил нь тэдний хүчин чармайлтыг улам хүндрүүлж байна. Энэ нь Японд 2016 оноос хойших хамгийн их хохиролтой газар хөдлөлтөд тооцогдов. Гэвч газар хөдлөлтөөс хойш гурав хоногийн дараа ч хохирол, хохирогчдын бүрэн хэмжээ тодорхойгүй хэвээр байна. Газар хөдлөлтөөс хойш 600 орчим чичиргээ бүргэгдсэн байна. Хойгт газар хөдлөлтийн дараах чичиргээ үргэлжилсээр байгаа нь хөрсний гулгалт болон дэд бүтцэд хохирол учруулах эрсдэлтэй байгаа аж.
Японы засгийн газар тусламж хүргэхийн тулд далайн замыг нээж, зарим том ачааны машинууд алслагдсан зарим бүс нутагт хүрэх боломжтой болсон гэж Ерөнхий сайд Фумио Кишида гамшгийн эсрэг үндэсний уулзалтын дараа өчигдөр хийсэн хэвлэлийн бага хурал дээр мэдэгдсэн.
ЭХ СУРВАЛЖ: REUTERS