Ираны генерал Касем Сулеймани 2020 оны нэгдүгээр сард АНУ-ын дроны халдлагад өртөж амь үрэгдсэн. Түүний нас барсны дөрвөн жилийн ой өчигдөр /2024.01.03/ тохиолоо. Энэ үеэр түүний бунхны ойролцоо хоёр бөмбөг дэлбэрснээр дор хаяж 95 хүн амиа алджээ. Мөн 211 хүн шархадснаас 27-ынх нь биеийн байдал хүнд байна.
Керман хотын Сахеб аль-Заман сүмийн ойролцоо болсон уг дэлбэрэлт нь сүүлийн 42 жилийн хугацаанд Иранд гарсан хамгийн том халдлага боллоо. Тухайн өдөр олон хүн цугларч, Касем Сулейманид гашуудал илэрхийлэн, жагсаж байсан.
Амь үрэгдэгсдийн тоог анх 103 гэж мэдээлсэн ч сүүлд нь 95 болж буурчээ. Учир нь зарим хүний нэрийг санамсаргүйгээр хоёр удаа бүртгэсэн байсан гэж Ираны Эрүүл мэндийн сайд мэдэгджээ.
Ираны дээд удирдагч Аятолла Али Хаменеи энэхүү халдлагын хариуг хатуухан авна гэж амласан юм. Харин Иран дахь зэвсэгт бүлэглэлүүд энэ талаар хэн ч ам нээгээгүй байна. Энгийн иргэд болон аюулгүй байдлын хүчнийхэн рүү халдлага үйлддэг Арабын салан тусгаарлагчид болон Исламын улс зэрэг суннит жихадист бүлэглэлийг энэ хэрэгт сэжиглэж магадгүй байна.
Сулеймани нь Ираны дээд удирдагчийн дараа орох улсынхаа хамгийн хүчирхэг хүнд тооцогддог байв.
Ираны хэвлэлд мэдээлснээр эхний бөмбөг орон нутгийн цагаар 15:00 цагийн орчимд Сахеб аль-Заман сүмийн дэргэдэх Шэхигсдийн цэцэрлэгт хүрээлэнгээс 700 метрийн зайд дэлбэрсэн. Хоёр дахь дэлбэрэлт нь үүнээс 15 минутын дараа оршуулгын газраас нэг км орчим зайд болжээ. Тэсрэх бөмбөгийг алсын удирдлагаар дэлбэлсэн байж магадгүй аж.
Гэрчийн мэдээлснээр хүмүүсийг оршуулгын газар руу алхаж явтал тэсрэх бөмбөг агуулсан хогийн сав дэлбэрчээ.
Эх сурвалж: BBC