Мягмар гарагийн орой Токио хотын Ханеда буудалд газардсан Japan Airlines (JAL) компанийн Airbus A350 нисэх онгоц эргийн хамгаалалтын албаны Bombardier Dash-8 нисэх онгоцтой мөргөлдөж, осолдсон билээ.
JAL компанийн онгоц Хоккайдо арлын Саппоро хотоос 367 зорчигч тээвэрлэн Токиод ирсэн бол эргийн хамгаалалтын онгоц газар хөдлөлтийн бүсэд тусламжийн ачаа хүргэхээр хөөрөх гэж байсан юм.
Зорчигч тээврийн онгоцонд явсан бүх 379 хүн амьд гарсан бол эргийн хамгаалалтын онгоцны багийн зургаан гишүүний тав нь амь үрэгдэж, зөвхөн нисгэгч нь хүнд шархтай амьд үлдсэн байна.
Өчигдөр буюу Лхагва гарагт ослын мөрөөр шалгаж байгаа албаныхан мөргөлдөхийн өмнөх хоёр онгоцны нисгэгчдийн удирдлагын төвтэй холбогдсон ярианы бичлэгийг нийтэд ил болгожээ.
Ханеда буудлын нислэгийн удирдлагын төвөөс тухайн үед JAL компанийн онгоцонд 34R дугаартай зурваст газардах зөвшөөрөл өгсөн байна. Харин ижил зурвасаар хөөрөх гэж байсан эргийн хамгаалалтын онгоцонд зогсоолд түр зогсож, зөвшөөрөл хүлээх заавар өгчээ.
Хоёр нисгэгчийн аль аль нь зааврыг ойлгосноо радио холбоогоор хариу мэдэгдсэн байна.
Гэвч энэ ярианы дараахан хоёр онгоц мөргөлджээ.
Амьд үлдсэн эргийн хамгаалалтын онгоцны нисгэгчийн өгсөн мэдүүлэг ярианы бичлэгийн агуулгатай зөрсөн байна.
Тэрбээр хөөрөх зөвшөөрлийг удирдлагын төвөөс авсан гэж ойлгосноо мэдүүлжээ.
Зарим эх сурвалж эргийн хамгаалалтын онгоцны нисгэгчид хүлээх зогсоолын шугамын тэмдэглэгээ харагдаагүйгээс хөөрөх зурваст нэвтэрсэн байж болзошгүйг мэдээлсэн байна. Гэхдээ шинжээчид ослын үерийн дүрс бичлэгээс зогсох шугамын тэмдэглэгээ хэвийн харагдаж байсан гэж дүгнэжээ.
Энэ бол Airbus компанийн дэвшилтэт материалаар үйлдвэрлэсэн шинэ үеийн нисэх онгоцны анхны томоохон осол юм.
Францын Airbus компани ослын шалтгааныг тодруулахад туслах мэргэжилтнүүдийн багийг Японд илгээсэн байна.
Эх сурвалж: BBC