Хотын ерөнхий менежерээр М.Баярааг 2023 оны нэгдүгээр сарын 3-нд томилж байсан бол өчигдөр /2024.01.03/түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. Түүний оронд Ус сувгийн удирдах газрын дарга Ц.Төрхүүг томилсон байна.
Ц.Төрхүү нь 1998 онд нийслэлийн 42 дугаар сургууль, 2002 онд Хөдөө Аж Ахуйн Их сургууль, 2007 онд Удирдлагын академийг төгссөн. Мөн Их Британийн Вермингэмийн их сургуульд мэргэжил дээшлүүлсэн.
2012-2016 онд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын орлогч, 2016-2023 онд Ус сувгийн удирдах газрын даргаар ажиллаж байжээ.
Хотын ерөнхий менежер М.Баяраагийн хувьд 2004-2006 онд “Эм-Си-Эс холдинг”-д төслийн зохицуулагч, 2006-2007 онд Японы олон улсын Жайка байгууллагад төсөл хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн, 2009-2011 онд “Эм Ти Си партнерс” ХХК-ийн гүйцэтгэх захирал,2011-2012 онд Хөгжлийн банкны төслийн санхүүжилтийн хэлтэст ахлах мэргэжилтэн, 2013-2016 онд Сонгинохайрхан дүүргийн боловсролын хэлтсийн дарга, 2016-2017 онд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга, 2017-2020 онд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга, 2020-2022 онд Нийслэлийн Өмчийн харилцааны газрын даргаар тус тус ажиллаж байсан бөгөөд нэг жилийн хугацаанд Улаанбаатарын ерөнхий менежерээр ажилласан юм.