Илон Маскийн үүсгэн байгуулсан “Starlink” компани мягмар гарагт /2024.01.02/ гар утсанд сүлжээ өгөх чадвартай хиймэл дагуулууд хөөргөсөн байна. Тус компани 2022 оны наймдугаар сард хэд хэдэн оператор компаниудтай хамтран ажиллах гэрээ байгуулж, сүлжээний цамхаг хүрэх боломжгүй газруудад хиймэл дагуулаар сүлжээ цацах юм.
Гэрээтэй компаниудын нэг болох АНУ-ын “T-Mobile” оператор аж. Тус компани “Falcon-9” пуужингаар хөөрсөн хиймэл дагуулууд дэлхийн нам тойрог замд байршсан гэж мэдэгджээ.
“T-Mobile” гаргасан мэдэгдэлдээ хиймэл дагуулын үйлчилгээг хэрэглэгчид одооноос шууд хэрэглэх боломжгүй ч туршилтын явц удахгүй эхэлнэ гэсэн юм. Туршилтын хиймэл дагуулын сүлжээгээр мессеж илгээхээр эхэлж, ирэх жилүүдэд дуудлага хийх, дата ашиглах гэх мэт чадамжтай болгох аж.
“SpaceX” компанийн хиймэл дагуул инженерчлэлийн албаны захирал Сара Спанжело энэ төслийн явцыг хурдасгахаар төлөвлөж буйгаа мэдэгджээ. Харин “T-Mobile” компанийн маркетинг хариуцсан захирал Майк Катз энэ үйлчилгээ нь хамгийн алслагдсан байршилд ч гэсэн холбоо тогтоох боломж үүсгэх зорилготой гэж хэлсэн байна.
Эх сурвалж: The Guardian