-Шүдлэн, хязаалан насыг тамир тэнхээ гүйцсэн мал гэж хэлдэг –
Уламжлалт анагаах ухааны их эмч Б.Батчимэгтэй ярилцлаа. Бид энэ удаад малын махны тус эрдэм, анагаах чадал мөн аль улиралд ямар махыг хэрхэн хэрэглэх тухай мэдээлэл өгөх зорилгоор ярилцлаа.
-Уламжлалт анагаах ухаанд мал, амьтны махыг ходоодныхоо галын илчтэй уялдуулж идэж байх ёстой гэж заажээ. Та энэ талаар дэлгэрүүлж мэдээлэл өгөөч?
-Жилийн дөрвөн улиралд нар, сарны шилжилт хөдөлгөөнөөр буюу улирал солигдох бүр хүний бие махбодь дагаад хувьсан өөрчлөгддөг. Энэ өөрчлөлтөд тохируулаад ямар мах идэхийг уламжлалт анагаах ухаанд заасан байдаг. Жишээ нь, өвлийн улиралд ходоодны галын илч хамгийн өндөр цэгтээ очдог. Тийм учраас монголчууд өвөл идшээ иддэг, адуу, үхэр, хонь гээд бүх төрлийн махаа иддэг. Дараа нь хаврын улирал болоход ходоодны галын илч буурна. Тэр үед бүлээн чанартай хонины мах эсвэл борцоо иднэ. Гэтэл зун болохоор ходоодны галын илч хамгийн доод түвшиндээ очиж шингээх чадвар ихээхэн буурна гэсэн үг. Энэ үед шингэхэд хялбар хөнгөн хүнс цагаан идээгээ түлхүү хэрэглэдэг. Зуны улиралд ийм, тийм мах идээрэй гэсэн зөвлөгөө уламжлалт анагаах ухаанд байдаггүй. Гэхдээ хийрхэх, ядрах үедээ бага зэргийн хонины мах идэхэд тохиромжтой. Яагаад гэвэл зуны улиралд хий арвиддаг учраас бүлээн чадалтай махыг идэхэд зохилтой гэж үздэг. Намрын улиралд халуун учраас сэрүүн чанартай малын мах идвэл тун тохиромжтой. Ямаа, тэмээний мах эсвэл тэгш чадалтай үхрийн мах байж болно. Малын мах тус тусын өвөрмөц шинж чанар буюу чадал эрдэмтэй байдаг. Жишээ нь, хонины мах тослог бүлээн чадалтай учраас тамир тэнхээ доройтсон буюу долоон тамирын доройтолд маш сайн.
-Долоон тамирын доройтол гэдэг нь ямар учиртай билээ?
-Монголчууд мэнд мэдсэний дараа “Таны тамир тэнхээ сайн уу” гэж асуудаг. Энэ ямар учиртай вэ гэхээр хүний бие махбодийн ид хав, нүдний гал, нүүрний цог, урт нас энэ олон зүйлийг багтааж асуудаг байх нь. Тамир тэнхээ гэдэгт тунгалаг, мах, өөх, яс, чөмөг, дусал буюу хүний биеийн долоон том бодисын солилцоог хураангуйлан авч үздэг. Энэ долоон бодисын солилцоо хэвийн явагдаж байж эрүүл амьдарч, урт насалж, цог золбоотой байна. Нөгөө талаас малын маханд хүртэл долоон бодисын солилцоо боловсордог учраас тамир бие гүйцсэн малын махыг идэх ёстой гэж заадаг. Цус, мах, өөх, яс, чөмөг, дусал гээд биеийн тамир бүрэн гүйцсэн малд таван хошуу малын шүдлэн, хязаалан нас багтана. Тийм ч учраас хязаалан хонины толгойгоор хий дардаг эмчилгээ хийдэг. Мөн цус, мах, өөх, яс, чөмөг, дусал гээд хойшлох тусам шингээлт нь удаан байдаг. Жишээ нь, малын цус амархан шингэдэг хөнгөн хүнс бол дусал буюу малын засаа маш удаан шингэнэ гэсэн үг.
-Түүнчлэн малын чээж, бөгс мах хүртэл өөр өөр байдаг тухай та ярьж байсан шүү дээ…?
-Эр малын чээж мах хүнд чадалтай, тослог шим ихтэй учраас шингэхдээ удаан. Эсрэгээрээ бөгс буюу доод хэсэг нь шингэхдээ хөнгөн гэж үздэг. Харин эм малын мах эсрэг чадалтай. Чээж хэсгийн мах шингэхдээ хөнгөн хялбар, бөгс хэсэг нь шингэхдээ удаан байдаг байх нь. Мөн хээлтэй байсан малын мах хүнд чадалтай болчихсон байдаг учраас их удаан шингэнэ. Монголчууд бол мэдээж хээлтэй махыг иддэггүй, тийм ёс байхгүй ч мэдэж л байх ёстой зүйл юм.
-Ямаа, тэмээний махыг намар идэхээр сэрүүддэг, хууч хөдөлдөг гэдэг. Гэтэл уламжлалт анагаах ухаанд намрын улиралд идэхэд тохиромжтой гэж заажээ. Энэ талаар та тайлбарлаж өгөөч?
-Эмч нь түрүүн хэлсэн. Ходоодны галын илчийн хэр их бадарч байна, хэр дорой байна гэдгээс хамаарч идэх малынхаа махыг сонгоно гэсэн үг. Намар ходоодны галын илч бадардаг улирал, тиймээс тохирсон сэрүүн чанартай хөнгөн, хүнд чадалтай ямаа болоод тэмээний мах идвэл зохилтой байдаг. Харин зун болоод хавар идэж болохгүй. Ходоодны шингээх чадвар болон улирлаасаа шалтгаалаад ялгаатай. Яагаад ямаа, тэмээг хавар зун идэж болохгүй вэ гэхээр бадгана, хий махбодь хөдөлдөг, сэрүүн чанарын ширүүн улирал учраас сэрүүн чанартай мах идвэл өвчин үүсдэг. Сэрүүн улиралд бүлээн чанартай мах, халуун улиралд сэрүүн чанартай мах идэж эсрэг ерөндөг хэрэглэнэ гэсэн үг. Тэгш бүлээн чадалтай үхрийн мах аль ч улиралд тохиромжтой.
-Ямаа идэхээр хууч хөдөлдөг гэдэг. Энэ тухайд та ямар мэдээлэл өгөх вэ?
-Ямааны мах шарх, гэмтэл, халдварт өвчинд маш сайн чанартай. Харин хавар хий хөдлөх, тэжээлийн буюу зуны улиралд идвэл сэрүүдээд өвчнийг бүр их хөдөлгөдөг. Бүр хий, шар, бадгана гурван гэмийг хөдөлгөнө гэж хэлж байгаа. Яргуй халуун чанартай ургамал учраас яргуй идсэн ямааны махыг тэжээлийн улирал буюу тавдугаар сарын сүүл хэсэгт хэрэглэж болно гэдэг. Хоёрдугаарт, илүү хэтрүүлэн идвэл хүнийг сэрүүдүүлээд ядраах эрсдэлтэй.
-Хонины мах хэтрүүлэн хэрэглэвэл судас хатуурч, нойр булчирхай үрэвсэнэ-
-Анагаах чадварын тухайд мал бүр өөр өөр байх нь?
-Адууны мах халуун чанартай. Яагаад гэхээр адуунд цөс байдаггүй учраас цөсний халуун маханд нь бий гэж үзнэ. Тийм учраас намрын цагт адуу идэж болохгүй. Цус, цөс өтгөрөх, элэг цөстэй холбоотой өвчин сэдрэх магадлалтай. Харин эсрэгээрээ өвлийн улиралд адууны мах идвэл бөөр, нуруу, бэлхүүс доод бие хүйтэн өвчинд сайн гэж үздэг. Хонины махыг хэтрүүлэн идвэл шим өндөртэй учраас таргалуулах жин нэмэх эрсдэлтэй. Цусан дахь холестрол нэмэгдэнэ, судас хатуурна, зүрх судастай холбоотой өвчлөлүүд үүсч, нойр булчирхай үрэвсэнэ. Харин тамир тэнхээ доройтсон үед хонины чөмөг, хонины махаар хийсэн хар шөл эм. Үхрийн мах тэгш чадалтай учраас ядаргаа, тэнхээ алдсан, төрсний дараа ядаргаанд орсон үед маш ач тустай. Тэмээ бол сэрүүн чанартай ямаатай адилхан.
-Гахай, тахиа, загасыг бид малын махнаасаа дутуугүй хэрэглэж байгаа…?
-Тахианы махны сайн тал гэвэл дусал хүчийг үүсгэнэ гэдэг. Дусал хүч гэдэг нь үрийн шингэний боловсролыг түргэсэх буюу чалхжуулна гэсэн үг. Хүний биеийн тамир тэнхээг хурдан үүсгэнэ. Тахиа болон жигүүртэн амьтны чээж мах нь шингэхэд хялбар, шим тослог багатай. Тэр утгаараа жин барих гэж байгаа хүмүүс тахианы цээж мах иддэг. Дээрээс нь өвчний улмаас тэнхээгээ алдчихсан үед тахианы шөл уух хэрэгтэй, маш хурдан тэнхэрдэг. Долоон тамирын бодисын солилцоог үүсгэж нэг хоногийн дотор оруулдаг чадалтай. Гахайн мах сэрүүн чанартай. Гахай, загасны мах шарх, гэмтэл, хавдрыг сэдрээдэг. Сэрүүн чанараараа өвчнийг хөдөлгөдөг гэсэн үг. Загасны мах эсрэгээрээ ходоодны өвчинг анагааж, хараа сайжруулж, хоолны дуршлыг нэмэгдүүлдэг. Ер нь бол долоон бодисын солилцоо зөв горимоор явж байж хүн эрүүл, урт наслах, цог золбоотой, нүдний галтай, сүр жавхаа, хийморь лундаатай явдаг гэж үздэг. Энэ долоон тамирт хүчийг үүсгэдэг мах бол хонь, тахиа.
-Бид махыг зөв тохируулж хэрэглэдэггүй юм байна гэж бодлоо. Зунжингаа л ямаа, хонь боож иддэг, намар тарган адууны мах түлхүү иддэг хүмүүс зөндөө?
-Харин тийм тал бий. Манайхан зун болонгуут хорхог, боодог иддэг. Нөгөө ходоодны гал доод хэмжээнд хүрч хоол шингээх чадвар буурсан үед хамаагүй мах хэрэглээд ходоод, цөс, нойр булчирхайд илүү ачаалал үүрүүлдэг. Улмаар нойр булчирхайн үрэвсэлтэй болох үндэслэлээ өөрсдөө хийгээд байна гэсэн үг. Жилийн дөрвөн улиралд ямар махаа яаж идэх вэ гэдгээ мэддэггүйгээс л болж байна. Ходоодны галын илч сул байхаар шингэхэд хялбар хөнгөн зүйл ялангуяа цагаан идээгээ түлхүү идье. Ядарч байгаа бол хонины шөл ууж болно. Намрын улирал болонгуут ходоодны шингээх чадвар сайжраад эхэлдэг тул ямаа, тэмээний махаа идье. Ер нь аливаа зүйлд илүүдэхгүй, дутуудахгүй гэдэг алтан зарчим байдаг юм. Тэгэхээр мах ч бай бид нарийн идэж байгаа бүх хоол хүнсийг байнга иднэ гэдэг зүйл байдаггүй. Бүх хүнсийг улиралдаа тохируулж иддэг юмаа.
-Тэмээ, ямааны мах удах тусмаа эм болдог, хонь үхрийн мах удам тусам хор болдог гэж үг бий. Энэ хэр үнэнтэй юм бол?
-Бид “Анагаах ухааны дөрвөн үндэс” номыг үзэж судалж, үүнээсээ дагуулаад олон эх сурвалжаас мэдээлэл авдаг. Жил өнжсөн мах гэж үхрийн борцыг хэлдэг. Үхрийн борц жил удам тусам хий дарах чадалтай, ядаргаа тайлах, тамир тэнхээ үүсгэх сайн л гэж бичсэн байдаг.
–Сүүлийн үед ясны шөлийг маш ихээр хэрэглэх болсон. Энэ хэр зөв бэ, бас хэрэглэх хэрэглэхгүй улирал гэж байх уу?
-Махтайгаа адилхан ходоодны галын илч, хоол шингээх чадвартайгаа зохицуулаад л явна. Гэхдээ ясны шөлийг хөгшчүүлдээ түлхүү өгөх хэрэгтэй. Дусал, яс, чөмөг нь барагдаж байгаа учраас илүү их ясны шимийг өгч байж нөхөж чадна. За мөн балчир насны хүүхдэд өгөх нь зөв байдаг. Яагаад гэхээр бодисын солилцоо үүсч эхэлж байгаа учраас яс, үс, хумс бат бэх болно.
–Бас шүүрхий мах стэйк, сүши зэргийг ч өргөнөөр хэрэглэж байгаа дээр та юуг зөвлөх боломжтой вэ?
-Нойтон мах, хагас болгосон сүши, стэйк бол шингэлт маш удаан. Тийм учраас нойр булчирхайн үрэвсэлд өртөх эрсдэлтэй. Япончууд сүши идээд сархад хүртдэг нь ходоодны шингээх чадварыг дэмжиж, галын илчийг бадрааж өгдөг. Идвэл ингэж зохицуулдаг байх нь. Ер нь уламжлалт анагаах ухаанд шүүрхий, түүхий махыг битгий идээрэй гэж заадаг. Эс шингэх, хаван зэрэг нь идэж байгаа хоолноосоо л болдог. Бас нян бактер ихтэй.
-Ярилцсанд баярлалаа.