Зэвсэгт хүчний 326 дугаар ангид алба хааж байсан цэрэг амиа алдсан харамсалтай хэрэг өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 13-нд гарсан. Тус хэргийн шалгалт үргэлжилж байгаа эсэх болон шүүх шинжилгээний дүгнэлт гарсан эсэхийг Цагдаагийн ерөнхий газраас тодрууллаа.
ЦЕГ-аас өгсөн мэдээллээр, 326-р ангид амиа алдсан цэргийн шүүх шинжилгээний дүгнэлт оны өмнө гарч, өнгөрсөн долоо хоногт ар гэрийнхэнд нь танилцуулсан.
Хэргийн мөрдөн шалгах ажиллагаа дуусаагүй. Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст тус хэргийг үргэлжлүүлэн шалгаж байгаа гэлээ.
Задлан шинжилгээний дүгнэлт өнгөрсөн долоо хоногт гарсан бөгөөд дүгнэлтээр тухайн алба хаагч гадны нөлөөгүй нас барсан гэж.
Хохирогчийн ар гэрийнхний зүгээс дүгнэлттэй танилцаж, нэмэлт ажиллагаа хийлгэхээр холбогдох байгууллагуудад хүсэлтээ гаргасан байна.
Эргэн сануулахад, хариуцсан цэргийн ангид нь хугацаат цэргийн алба хаагч амь насаа алдсан, өөрийн эрхэлсэн ажилдаа, хариуцлагагүй хандсан, цэргийн алба хаагчийн ёс зүйн зөрчил гаргасан тул Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн захирагч, хурандаа Г.Отгонбаярыг ЗХЖШ-ын даргын шийдвэрээр өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 21-нд үүрэгт ажлаас нь чөлөөлсөн юм. Мөн эрхэлсэн ажил, албандаа хариуцлагагүй хандаж, харьяа цэргийн ангиудад нь сахилгын зөрчил гарч байгаа үндэслэлээр Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч, бригадын генерал Ч.Цогтжаргалыг албан тушаалаас нь чөлөөлүүлэх саналыг Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчид хүргүүлээд байгаа талаар Зэвсэгт хүчний Жанжин штабаас мэдээлж байв.
Ямартай ч эцсийн дүгнэлт гараагүй бөгөөд хэргийн мөрдөн шалгалт дуусаагүй учир дэлгэрэнгүй мэдээлэл ЦЕГ-аас өгөхөөс татгалзлаа.