Украинд явуулж буй дайнд оролцсон гадаадын иргэд болон тэдний гэр бүлд ОХУ-ын иргэний харьяалал олгох зарлигт ерөнхийлөгч Путин өчигдөр гарын үсэг зуржээ.
Гадаадын харьяат нь Кремлийн албан ёсны нэр томьёогоор “цэргийн тусгай ажиллагаа”-нд оролцох хамгийн богинодоо нэг жилийн хугацаатай гэрээг Оросын арми болон бусад хэлбэрийн цэргийн анги нэгтгэлтэй байгуулсан байх шаардлагатай гэнэ.
Москвагийн эрх баригчид Украинд хэдэн гадаадын иргэн тулалдаж байгаа талаар тоо баримт зарлаж байгаагүй.
Куба болон Афганистаны иргэд энэ дайнд Оросын талд тулалдаж байгаа тухай баримтуудыг эх сурвалжууд өмнө нь мэдээлж байв.
Өнгөрсөн сард ил болсон АНУ-ын тагнуулын албаны тайланд Оросын 315,000 орчим цэрэг алагдаж, шархадсан нь дайн эхлэх үед Украины хилд байрлаж байсан хүн хүчний 90 орчим хувьтай тэнцэж буйг мэдээлсэн юм.
2022 оны есдүгээр сард Оросын эрх баригчид 300,000 цэрэг нэмж татсан нь дэлхийн хоёрдугаар дайнаас хойших хугацааны анхны томоохон дайчилгаа болж байв.
Дараагийн ээлжийн дайчилгааг энэ оны гуравдугаар сард болох ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн дараа зарлаж болзошгүй гэж ажиглагчид үзэж байна.
Сүүлийн 22 сар гаруй хугацаанд үргэлжилж буй дайнд ямар хэмжээний хохирол амссанаа Орос, Украины талуудын аль нь ч албан ёсоор мэдээлээгүй байгаа.
Өнгөрсөн сард Украины ерөнхийлөгч Володимир Зеленский ярихдаа зэвсэгт хүчин нь 450,000-500,000 цэрэг нэмж дайчлах санал гаргасан тухай дурдаж байв.
Эх сурвалж: Reuters