Сумын цолтон болон залуу бөхчүүдийн 2024 оны эхний буюу 113 дахь удаагийн барилдаанд 640 бөх уран мэх, авхаалж самбаа сорин барилдсанаас Хэнтий аймгийн Баянхутаг сумын харьяат сумын заан Д.Цэрэнням түрүүлж, Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын харьяат, сумын баяр наадмын хоёр түрүүтэй заан М.Баасанжав үзүүрлэв. Д.Цэрэнням зааны хувьд долоо дахь удаагаа түрүү үзүүр булаалдан, хоёр дахь түрүүгээ авсан бол М.Баасанжав заан гурав дахиа тэргүүн байрын төлөө барилдаж анх удаагаа үзүүрлэв.
Гуравт Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат,сумын заан О.Доржсамбуу үлдсэн бол тавд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, сумын баярнаадмын хоёр түрүүтэй заан О.Ихбаяр, Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат, сумын заан Э.Ганболд нар шалгарлаа. Харин аравт сумын заан Хөвсгөлийн Г.Өнөрбат, Увсын А.Баямөнх, Баянхонгорын Б.Содномдаржаа, Хэнтийн Н.Уугангэрэл, Төвийн Т.Түмэнжаргал нар үлдэв.
Сумын цолтон болон залуу бөхчүүдийн барилдаан бүрд олгодог “Үнэнч үзэгчдийн нэрэмжит дайчин барилдаан”-ы шагналыг Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын заан О.Ихбаярт, “Өсөх ирээдүйтэй бөх”-ийн шагналыг Увс аймгийн Баруунтуруун сумын заан Э.Ганболдод тус тус олгохоор шийдвэрлэжээ. Шагналыг Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат, бөхийн үнэнч хорхойтон, бизнес эрхлэгч Батмөнхийн Баатархүү гардуулсан юм.
Баянхонгор аймгийн Баянбулаг сумын түүхт 100 жилийн ойд зориулсан, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, аймгийн арслан Цэдэн-Ишийн Шийрэвийн нэрэмжит аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаан өчигдөр/2024.01.07/ боллоо. Тус барилдаанд Архангай аймгийн Хотонт сумын харьяат, аймгийн начин Б.Гончигсүрэн түрүүлж, Архангай аймгийн Тариат сумын харьяат, цэргийн заан Ө.Батсуурь үзүүрлэв.
Дөрөвт Ховд аймгийн Мөнххайрхан сумын харьяат, аймгийн хурц арслан Б.Баянмөнх, Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын харьяат, цэргийн арслан Г.Жамбалдорж нар шалгарлаа.Харин наймд аймгийн арслан Г.Ганбаатар, С.Галданцогт, М.Эрхэмбаяр, аймгийн заан Б.Батбаян нар үлдэв.
Нэрэмжит барилдааныг нь тохиолдуулан МУГД, аймгийн арслан Ц.Шийрэвт Баянбулаг сумын Нутгийн зөвлөл, үе үеийн шавь нар, гэр бүл үр хүүхдүүд, ах дүү, төрөл төрөгсөд, найз нөхөд, нутаг усныхан нь хүндэтгэл үзүүлсэн юм.
Мөн түрүүлсэн аймгийн начин Б.Гончигсүрэнд “Италта” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Алтансүх Итали хромон гутал бэлэг болгон гардуулав. Дараагийн барилдаан ирэх долоо хоногийн амралтын өдрүүд буюу нэгдүгээр сарын 13-нд 13:00 цагаас Шинэ үндсэн хууль батлагдсаны 31 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн уламжлалт барилдаан, нэгдүгээр сарын 14-нд 13:00 цагаас “Талх Чихэр” ХК-ны нэрэмжит “Хэвийн боовны баяр” улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн уламжлалт барилдаанаар үргэлжилнэ.