Домгийн баатар сармагчны хааны дүрийг бүтээх төдийлөн өндөр ур чадвар шаардахгүй ч сонирхолтой ажлын байр зарлагдсан тухай Хятадын орон нутгийн хэвлэл мэдээлжээ.
Тус улсын хойд бүсийн Хэбэй мужид оршдог Ужишань уулын аялал жуулчлалын төвийн зарласан уг ажлын байр сарын $842 орчмын цалинтай.
Шалгуурт тэнцсэн ажилтан сармагчны хааны дүрд хувираад уулын нэгэн агуйд сууж, жуулчдыг зугаацуулах юм байна.
Агуй руу жуулчид орох боломжгүй, зөвхөн нүхээр сармагчны хааныг харж, өрөвдсөн зарим нь хоол хүнс өгөх боломжтой.
“Тансан ламын баруун этгээдэд зорчсон тэмдэглэл” сонгодог зохиолд өгүүлснээр сармагчны хаан Сун Укунь залуу насныхаа сагсуу онгироо зангийн улмаас Ужишань уулын нэг агуйд хоригдон шийтгүүлж байдаг. Тансан лам түүнийг чөлөөлж, Энэтхэгээс бурхны судар залах аялалдаа дагуулж явдаг юм.
Тэгвэл шинэ ажилтан нь сармагчны хааны уулын агуйд хоригдож байх үеийн амьдралыг үзүүлэх ажээ. Тиймээс өрөвдсөн жуулчид сармагчны хаанд гадил жимс болон бусад хоол хүнс ихээр өгдөг байна.
Энэ нь уг ажлын байрны нэг давуу тал болох ажээ.
Ажлын байрны нөхцөлийг сайжруулах зорилгоор агуйд бас цахилгаан халаалт байрлуулсан байна.
“Ямар сайхан ажил вэ? Цалингаас гадна хоол ундаар тасрахгүй” гэж Хятадын сошиал сүлжээний нэг хэрэглэгч ажлын байрны зарын дор сэтгэгдлээ бичжээ.
“Ямар ч боловсрол шаардахгүй. Зөвхөн Сун Укунь болох хүсэлтэй, бага зэргийн жүжиглэх чадвартай, жуулчидтай эрч хүчтэй, хөгжилтэй, ойр дотно харилцдаг байхад болно” гэж Ужишань уулын аялал жуулчлалын төвийн төлөөлөгч орон нутгийн хэвлэлд ярьсан байна.
Одоогоор тус төвийн хоёр ажилтан Сун Укуний дүрд тоглож байгаа ба дахин нэг ажилтан хэрэгтэй байгааг тэр мэдээлжээ.
Сармагчны хаад жуулчдын өгсөн хоол хүнсийг өөрсдөө заавал хэрэглэх шаардлагагүй, илүү гарсныг ээлжээс буухдаа бусад ажилчдадаа тараадаг гэнэ.
Эх сурвалж: CNN