Амралтын өдрүүдэд хүйтний эрч чангарч, баасан гарагт орсон цас зам дагуу мөстсөн юм. Үүнээс үүдэн зам тээврийн ослууд гарч зарим хэсэгт замын түгжрэл үүсэх шалтгаан болжээ. Иймд жолоочид “Зам халтиргаа ихтэй байна. Давс цацаагүй бололтой” гэх агуулгыг цахим орчинд бичсэн байна. Тэгвэл Сибирийн хүйтэн агаар Монголд орж ирсэн арванхоёрдугаар сарын сүүл үед зам дээр давс цацсан ч хайлж, халтиргааны эсрэг үйлчлэх боломжгүй байсан. Харин -20 хэмээс -30 хэмд хүйтний эрч хэлбэлзэж буй үед давс үйлчлэх боломжтой. Тэгвэл зам дээр давс цацах асуудлын талаар Хот тохижилтын газартай холбогдож тодрууллаа.
Улаанбаатар хотын Хот тохижилтын газраас мэдээлэхдээ “Нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн энэ асуудлыг манайх хариуцахаа болсон. Улаанбаатар хотын дүүргүүд өөрсдөө хариуцаж байгаа. Замын аль хэсэг халтиргаатай байна тэр бүсүүдийг харьяа дүүрэг анхаарах ёстой гэсэн үг. Халтиргаатай холбоотой асуудлаар мэдээлэл өгөх, авах бол 11310005 дугаарт хандах хэрэгтэй” гэлээ.
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны дарга бөгөөд Хотын ерөнхий менежерээр М.Баярааг 2023 оны нэгдүгээр сарын 3-нд томилж байсан бол энэ оны нэгдүгээр сарын 3-нд ажлаас нь чөлөөлсөн. Түүний оронд Ус сувгийн удирдах газрын дарга Ц.Төрхүүг томилсон юм. Тэгвэл Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн албаны дарга Ц.Төрхүү зам, талбайн цэвэрлэгээ, халтиргаа гулгаанаас сэргийлэх ажлын талаар мэдээлэл өгөхдөө “Цас, хог цэвэрлэгээ, үйлчилгээ зэрэг хот, нийтийн аж ахуйн ажлуудыг дүүргүүд хариуцаж байна. Хот тохижилтын газрын зам, талбайн үйлчлэгч нараас гадна машин техник, давс, бодисыг дүүргүүдэд хуваарилсан. Хот, нийтийн аж ахуйн тоног төхөөрөмж, машин механизмыг шинэчилж байгаа бөгөөд тендер шалгаруулах үйл явц үргэлжилж байна. Тендер шалгарч, машин механизмыг нийлүүлж дуусмагц тэдгээрийг мөн дүүргүүдэд хуваарилах юм. Цэвэрлэгээ, үйлчилгээ, хог тээвэр гэх мэт нийтийн аж ахуйн ажил нийслэлд төвлөрдөг байдлыг халж, дүүргүүд хариуцдаг болж байна гэсэн үг. Нийтийн эзэмшлийн зам, талбай хогтой, халтиргаатай байвал тухайн дүүргийн Засаг дарга ажлаа хийхгүй байна гэсэн үг. Үүнд нийслэл хяналт тавихаас гадна нөгөө талаас иргэд шаардлага тавих хэрэгтэй” гэжээ.