Японы төв хэсгийн Ишикава мужид нэгдүгээр сарын 1-нд болсон газар хөдлөлтөөр нас барагсдын тоо 161 хүрснийг “NHK” агентлаг өнөө өглөө мэдээллээ. Мөн 103 хүн сураггүй байна. Эрх баригчид сураггүй болсон хүмүүсийн овог нэр, насыг олон нийтэд зарлаж, мэдээлэл хүсчээ.
Газар хөдлөлттэй зэрэгцээд их хэмжээний цас орсон тул хөрсний гулгалт зэрэг хоёрдогч гамшиг үүсч болзошгүйг Цаг уурын албаныхан анхааруулсан. Ишикава, Хокурику, Нийгата мужуудад их хэмжээний цастай хэвээр байна. Тухайлбал, өнөө өглөөний 06:00 цагийн байдлаар Нийгата мужийн Юзава хотод хур тунадасны хэмжээ 14 см, Ишикава мужийн Сузу хотод 13 см хүрчээ. Газар хөдлөлтийн голомт болсон Ишикава мужид маргааш өглөө хүртэл цас орох төлөвтэй байна.
Түүнчлэн газар хөдлөлтийн дараагийн өдөр Токиогийн Ханэда нисэх буудалд хоёр онгоц мөргөлдсөн хэрэг гарсан. Ослын улмаас нислэгүүд цуцлагдаж, онгоцны буудлыг түр хаасан байсан. Тодруулбал, өдөрт дунджаар 200 орчим нислэг цуцлагджээ. Тэгвэл хоёр онгоцны сэгийг цэвэрлэж, шаардлагатай сэргээн босголтын ажлыг хийж дууссан тул өнөөдөр нисэх буудлыг дахин нээлээ.
Гэхдээ салхины чиглэлээс хамааран онгоцонд дохио илгээдэг төхөөрөмжид саатал гарч болзошгүй тул хөөрөх, буух нислэгийн тоо ердийнхөөс бага байх магадлалтайг Зам тээврийн яам анхааруулжээ. Мөн хөөрөх зурвасын зарим эвдрэлийг засах хүртэл нэг сар орчим хугацаанд Токиогийн төв хэсгээр нам өндөрт хэвийн хэмжээнээс илүү олон онгоц ниснэ гэлээ.
Эх сурвалж: NHK