Өнөө, маргаашдаа Монгол-Алтайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр цас орно.
2024 оны нэгдүгээр сарын 10-14-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
Нэгдүгээр сарын 10-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Онон, Улз голын хөндийгөөр, 11-нд Монгол-Алтайн уулархаг нутаг, Улз, Халх голын хөндийгөөр, 12-нд баруун аймгуудын нутгийн баруун болон хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 13-нд баруун, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна.
Салхи ихэнх хугацаанд секундэд 4-9 метр, 10-нд нутгийн зарим газраар, 11-нд говь, талын нутгаар секундэд 12-14 метр, 12-нд Алтайн уулархаг нутгаар, 13-нд говь, талын нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.
Энэ сарын 11-нд баруун аймгуудын нутгаар, 12-нд ихэнх нутгаар хүйтний эрч суларч, Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, голын хөндийгөөр шөнөдөө -27…-32 градус, өдөртөө -18…-23 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -23…-28 градус, өдөртөө -12…-17 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө -5…-10 градус хүйтэн, өдөртөө +3…+8 градус дулаан, Монгол-Алтайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр шөнөдөө -12…-17 градус, өдөртөө +1…-4 градус, бусад нутгаар шөнөдөө -18…-23 градус, өдөртөө -6…-11 градус хүйтэн байна. Харин энэ сарын 13-наас ихэнх нутгаар хүйтний эрч чангарна.