АНУ-ын Олон Улсын Худалдааны Хороо (ITC) оюуны өмчийн маргаантай холбогдуулан Apple компанийн сүүлийн үеийн загварын ухаалаг бугуйн цагнуудыг тус улсын зах зээлд худалдаалахыг хориглолоо.
Үүнд Apple Watch Series 6 бүтээгдэхүүнээс хойш зах зээлд гарсан бүх загварууд, Apple Watch Ultra цувралын бүх загварууд багтаж байна.
ITC байгууллагын шийдвэрт АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден арванхоёрдугаар сарын 25-ны дотор хориг тавих хуулийн хугацаатай байсан юм. Гэвч заагдсан хугацаанд ерөнхийлөгч хориг тавиагүй тул 26-ны өдрөөс эхлэн шийдвэр хүчин төгөлдөр болж байна.
Apple компани шинэ загваруудаа өөрийн бүх дэлгүүрүүдээс болон вэб сайтаас татжээ. Харин хуучин болон хямд үнэтэй Apple Watch SE загварууд хэвийн худалдаалагдаж байна. Гэхдээ Amazon, Best Buy зэрэг онлайн дэлгүүрүүд хориглогдсон бүтээгдэхүүнийг тус тусын нөөцөө дуустал үргэлжлүүлэн худалдах ажээ.
Apple Watch бүтээгдэхүүнд цусан дахь хүчилтөрөгчийг хэмждэг “pulse oximeter” технологийг нэвтрүүлэхдээ Masimo компанийн авсан патентыг зөрчсөн гэж ICT дүгнэсэн юм.
Apple компани Masimo компанийн эзэмшдэг патентыг зөрчсөнөө няцааж, ITC-ийн шийдвэрийг давж заалдахаа мэдэгджээ.
Өмнө нь ITC байгууллагын шийдвэрийг АНУ-ын ерөнхийлөгч буцааж байсан түүх байдаг. Тухайлбал 2013 онд хуучин загварын iPhone, iPad төхөөрөмжүүдэд Самсунгийн патентыг зөрчсөн гэх маргааны улмаас ITC энэ удаагийнхтай ижил шийдвэр гаргахад ерөнхийлөгч Барак Обама хориг тавьснаар цуцлагдаж байжээ.
Эх сурвалж: CNN