Ази тивд ухаалаг утасны зах зээл дэх өрсөлдөөн улам ширүүсч байгаа энэ үед АНУ-ын технологийн “Apple” компани Хятадад “iPhone” ухаалаг утас болон бусад бүтээгдэхүүндээ түр зуурын хямдрал зарлажээ. Хятадын цагаан сарын баярыг тохиолдуулан тус улсад “Apple”-ийн албан ёсны вэбсайт нь хамгийн сүүлийн үеийн загварын “iPhone” утаснуудаа 500 юаниар хямдруулсан байна. Энэ сарын 18-наас 21-нийг хүртэл үргэлжлэх урамшууллын хүрээнд “Apple”-ийн бусад тэргүүлэх бүтээгдэхүүн, тухайлбал “Mac” болон “iPad”-ыг 400-800 юаниар хямдруулах гэнэ.
Хэдийгээр гуравдагч этгээдийн борлуулагчид заримдаа “Apple”-ийн бүтээгдэхүүнийг хямдруулдаг ч компани өөрөө ийм хямдрал барагтаа зарладаггүй. Энэ нь дээд зэрэглэлийн брэндийн имижийг хадгалах хүчин чармайлтын нэг хэсэг юм.
Хятадын технологийн аварга “Huawei” компани хамгийн сүүлийн үеийн ухаалаг утас болох “Mate 60 Pro” гар утсаа худалдаанд гаргаснаас хойш ердөө таван сар гаруйн дараа “iPhone” утасны үнийг бууруулах алхам хийв. “Huawei” ухаалаг гар утсыг Хятадын хэрэглэгчид эерэгээр хүлээн авч, худалдан авах нь нэмэгдсэн. Ингэснээр Хятадын дэвшилтэт чип ашиглах технологи АНУ-ын албаныхны анхаарлын төвд оржээ.
“Huawei” компани шинэ загварын гар утсаа гаргасантай зэрэгцээд Хятадын төрийн албан хаагчдыг “iPhone” зэрэг өөр орны гар утас, хэрэгслийг ашиглахыг хориглосон гэх мэдээлэл гарсан. Гэхдээ Хятадын засгийн газрын төлөөлөгч уг мэдээллийг үгүйсгэсэн юм.
Хятадад “iPhone”-ийг хямдруулсан нь дэлхийн хоёр дахь том эдийн засагт “Apple”-ийн бүтээгдэхүүний эрэлт хэр их байгаа талаар эргэлзээг төрүүлж байна. Хятад улс “iPhone” үйлдвэрлэгчдийн гол зах зээл байсаар ирсэн бөгөөд өнгөрсөн жил “Apple”-ийн нийт борлуулалтын тавны нэг орчим хувийг эзэлжээ.
“Counterpoint Research”-ийн мэдээлснээр, “iPhone 15” утаснуудын борлуулалт өнгөрсөн есдүгээр сард худалдаанд гарснаас хойшхи эхний хоёр долоо хоногт “iPhone 14”-ийн борлуулалттай харьцуулахад Хятадад 4.5 хувиар буурсан байна. Өнгөрсөн долоо хоногт “Jefferies Research” мэдээлэлдээ “iPhone” утасны борлуулалт оны эхний долоо хоногт 30 хувиар буурсан гэж мэдээлснийг Ройтерс нийтэлжээ.
Хятад бол “Apple”-ийн хамгийн чухал зах зээлийн нэг юм. Энэ нь борлуулалтаараа Хойд Америкийн зах зээлийн ард хоёрдугаарт ордог. Гэвч өнгөрсөн нэг жилийн хугацаанд Хятадын эдийн засаг хүндхэн байгаа нь “Apple”-ийн нийт өсөлтөд сөргөөр нөлөөлсөн. Өнгөрсөн долоо хоногт “Apple” хөрөнгийн зах зээлийн хамгийн үнэ цэнэтэй компанийн статусаа алдаж, “Microsoft”-ын ард бичигдэх болсон.
ЭХ СУРВАЛЖ: CNN