“Apple” компани энэ оны хамгийн том арга хэмжээ болох хөгжүүлэгч, инженерүүдийн “Worldwide Developers Conference” чуулга уулзалтаараа удаан хүлээлгэсэн хиймэл оюуны функцүүдээ танилцуулж, “Apple Intelligence” платформоо онцоллоо.
“Apple Intelligence” хиймэл оюуны платформ нь “iPhone” гар утасны шинэчлэгдсэн үйлдлийн системд нэвтэрсэн гэдгийг тус компани тодотгов. Энэхүү платформ нь бичвэрийн агуулгыг товчлох, зураг бүтээх, чухал шаардлагатай дата мэдээллийг хэрэглэгчдэд хүргэх зэрэг үйлчилгээ үзүүлэх юм байна. Түүнчлэн тус компани хэрэглэгчийн хувийн туслах “Siri” хиймэл оюуны сайжруулсан шинэ хувилбараа танилцууллаа.
“Apple Intelligence” энэ оны эцсээр хэрэглээнд нэвтрэх товтой байгаа бол “Siri” хиймэл оюун аппликейшн хооронд чөлөөтэй ажиллах чадамжтай болоход дахин нэг жил шаардагдахаар байгаа ажээ.
Тэрбумтан Илон Маск “OpenAI”-ийн хиймэл оюуны программ үйлдлийн системийн түвшинд нэвтэрвэл аюулгүй байдлын үүднээс “Apple”-ийн төхөөрөмжүүдийг компанидаа ашиглахыг хориглоно гэж мэдэгджээ. Мөн тэрбээр “Энэ бол хүлээн зөвшөөрч болохгүй аюулгүй байдлын ноцтой зөрчил” хэмээн хурцаар шүүмжилж, “X” платформоороо байр сууриа илэрхийлсэн байна.