Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх монгол хүний дэлхийд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, хүүхэд, залуучуудын суралцах тэгш боломжийг хангах, дэлхийн шилдэг их, дээд сургуульд суралцахад дэмжлэг үзүүлэх зорилгоор зарлиг гаргасан билээ. Энэ дагуу жил бүр 330 сум, нийслэлийн хороо тус бүрээс нэг шилдэг сурагчийг шалгаруулж, дэлхийн шилдэг их, дээд сургуульд суралцуулах “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийг 2021 оноос хэрэгжүүлж эхэлсэн юм.
2023 онд гэхэд АНУ, Их Британи, Герман, Франц, Чех, Канад, Польш, Австрали, Хятад, Орос, Унгар, Энэтхэг, Лаос, Вьетнам зэрэг 16 улсын их, дээд сургуульд 260 оюутан залуус суралцахаар явсан. Харин энэ жилийн “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” хөтөлбөрийн эздийг тодруулах ёслол Төрийн ордонд өнөөдөр боллоо. Энэ удаад 250 шилдэг сурагч-илгээлтийн эзэд батламжаа гардан авав.
Энэ ажлын эхлэл болж, Esan-үндэсний цахим номын санг Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит болсныг өнөөдөр зарлалаа.
Esan нь хамгийн дэвшилтэт технологиудын тусламжтайгаар 130 сая хуудас материалыг цахимжуулах, хиймэл оюунд ухаанд суурилсан хуулбар шалгуурын системээр оюуны өмчийг хамгаалах, судалгаа, сурлагын чанарыг дээшлүүлэх оюуны болон эдийн засгийн чухал ач холбогдолтой технологийн хувьсгал гэж болно. Esan-цахим номын сан нь улс үндэстний түүх, соёлын өвийг хадгалах, түгээн дэлгэрүүлэх, иргэд ялангуяа хүүхэд залууст тэгш хүртээмжтэй боловсрол эзэмших боломжийг хангах, цаашилбал, Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод тодорхой хувь нэмэр оруулах зорилготой. Тус цахим номын санд 1-12-р ангийн бүх сурах бичиг байршиж, хүүхдүүд үнэ төлбөргүй ашиглах болсон нь олон талын өндөр ач холбогдолтой, цаг үеэ олсон ажил болсныг онцлон дурдсан байна.