“Google”-ийн программ хангамжийн инженер асан Леон Дин хиймэл оюун ухааны нууцыг хулгайлсан хэргээр ял авч магадгүй болжээ. Түүнийг дөрвөн хэрэгт буруутгаж, баривчилсан байна.
Хятад улсын иргэн Леон Дин “Google”-ээс 500 гаруй нууц файл хулгайлсан аж. Хэрвээ гэм буруутай нь тогтоогдвол тэр 10 хүртэлх жилийн хорих ял авч, 250 мянган ам.долларын торгууль төлнө. Нууц файлууд нь “Google”-ийн супер тооцооллын мэдээллийн төвүүдийн дэд бүтэцтэй холбоотой бөгөөд эдгээрийг хиймэл оюун ухааны томоохон загваруудыг байршуулах, сургахад ашигладаг.
Леон Дин 2019 онд “Google”-д програм хангамж хөгжүүлэгчээр ажилд оржээ. Тэрбээр 2022 оны тавдугаар сараас “Google”-ийн мэдээллийг хувийн цахим хаягандаа байршуулж эхэлжээ. Энэ үйлдэл нь нэг жил орчим үргэлжилсэн байна. Үүний зэрэгцээ тэр Хятад дахь технологийн гарааны компани болох “Beijing Rongshu Lianzhi Technology”-д хэдэн сар ажиллажээ. Тус компани Леон Динд сарын 14800 ам.доллар санал болгосон.
Түүнчлэн тэрбээр хиймэл оюун ухааны чиглэлээр ажилладаг “Shanghai Zhisuan Technology” нэртэй технологийн фирмийг байгуулж, өөрийгөө гүйцэтгэх захирлаар томилсон байна.
Эх сурвалж: BBC