Хана нь цуурч, тааз нь хөгцрөн, тамхины нэвширсэн үнэр шингэсэн Монголын циркийн сургууль хөргөгч адил хүйтэн. Нурах шахсан энэ барилга нэгэн цагт бахархал, бардамналын илэрхийлэл байв.
Жавар хургасан энэ байшинд өсвөрийн акробатчид дасгал сургуулилалтаа хийхийн зэрэгцээ алдаа гаргах тоолондоо багшдаа загнуулж, зэмлүүлэх аж. Тэднийг агаарт эргэлдээд, үсэрч буух тоолонд тоос пургих юм.
Барилгын гадаах шороон зам дээр тогтсон тогтоол усан дунд 11, 13 настай охид уран нугаралтын хамгийн хэцүү үзүүлбэр болох “Маринелли нугаралт”-ыг хийж байв. Тэд төмөр тавиурын үзүүрт бэхэлсэн арьсан зуултыг хазаж, эрүүгээ ашиглан биеэ өргөнө. Өгзөгөө дагзан тус газраа аваачиж, хөлөө хилэнцэт хорхойн сүүл адил нүүрнийхээ өмнө гаргахын тулд тэд багагүй хүч зарцуулах аж.
Тэдний ур чадвар, зориг тэвчээрийг харахад дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн “Cirque du Soleil”, “Ringling Brothers” зэрэг томоохон циркэд монголчууд яагаад нэрээ дуурсгадаг нь тодорхой. Төрийн дэмжлэг дутмаг, сургалтын материаллаг бааз хомс хэдий ч 83 жилийн түүхтэй энэ сургууль нь оюутнууд, мэргэжлийнхний бэлтгэлээ базаадаг ганц газар.
“Дэлхийн тавцанд бид эрэлттэй байгаа ч эх орондоо бэлтгэл хийж чадахгүй байна” гэж акробатчин, циркийн захирал асан Юндэнгийн Гэрэлбаатар хэллээ. Түүний өгүүлснээр Хойд Америк, Европт 1300 орчим монгол циркчин ажиллаж байна.
Алясктай дүйцэхүйц газар нутагтай, хүн ам сийрэг суурьшсан улс хэрхэн ийм авъяаслаг циркчидтэй болж, гадаадад тэднийгээ илгээх болсон нь хуучин Улсын циркээс эхтэй. Нэгэн цагт Улсын циркт нь маш олон мэргэжлийн жүжигчид хэрэгтэй байв. Гэвч Японы сумог байлдан дагуулсан их аваргад циркээ зарсантай холбоотойгоор жүжигчид нь гадагшаа дүрвэх болжээ. Монголын нандин уламжлалыг сэргээнэ гэсэн амлалтдаа тэр хүрч чадаагүй.
Монголын урлан нугараачид олон зууны турш ихэвчлэн язгууртнуудад үзүүлэх зорилгоор энэ урлагаар хичээллэдэг байсан бол 1931 оноос эхлээд үзүүлбэрээ хөгжим, алиалагч, амьтад, акробатчидтай хослуулж эхэлсэн. Энэ нь Оросын циркчид Монголд аялан тоглолт хийсэн үе гэсэн үг.
Оросын циркчид монголчуудын сэтгэлийг ихэд хөдөлгөсөн тул оюутан залуусыг Москвад илгээж, тэдний үзүүлбэрийг өөриймшүүлж эхэлсэн юм. Москваг зорьсон оюутнууд 1940 онд буцаж ирээд Монголын анхны циркийг байгуулсан нь өдгөө нурсан балгас болоод буй бөмбөгөр оройтой циркийн сургуулийн байр.
Үүнээс хойш 30 жилийн дараа буюу 1971 онд Румын улсын тусламжтайгаар Монголд олон мянган хүний суудалтай орчин үеийн цирк барьжээ. Энэ нь Улаанбаатарын төвд зөвлөлт маягийн өнгө үзэмж болон сүндэрлэсэн цэнхэр бөмбөгөр оройтой Улсын цирк юм. Хөгжиж буй орны хувьд цирк нь урлаг уран сайхны гол төв болжээ. Гял цал хувцас, найрал хөгжим, үхлээс үл хальрах эр зориг монголчуудыг гайхшруулж, үе үеийн залуусын үзэж сонирхдог шоу болсон.
“Орчин үежсэн учир хүмүүс их дуртай байсан. Уламжлалт урлагаас ялгаатай цоо шинэ зүйл байлаа” гэж 1980-аад оны үед циркт тоглож байсан Ю.Гэрэлбаатар дурсан ярьсан юм.
1990 оны арьдчилсан хувьсгалын дараанаас төрөөс хамааралтай тогтолцоо нь өөрчлөгдөж, цирк хүндхэн цаг үетэй нүүр тулсан. Дараагийн 10 жил улсаас циркт засвар үйлчилгээ хийх боломжгүй болж, худалдан авагч хайж эхэлжээ.
Асашёорюү нэрээр алдаршсан Японы мэргэжлийн сумогийн аварга Д.Дагвадорж тухайн үед нэр алдар нь ид түгж байв. 2000-аад оны ихэнх хугацаанд сумогийн дэвжээг эзэгнэсэн тэрбээр Японд харийнхныг үзэн ядах хандлагын бай ч болж байсан. Тэрбээр ялсныхаа дараа хөөрцөглөх, халуун усанд орохдоо ахмад бөхчүүдийг хүндлээгүй зэргээр сумогийн хатуу ёс жаягийг зөрчиж байв.
Тухайн үеийн Монголд Асашёорюү шүтээн байлаа. Тэрбээр үл хөдлөх хөрөнгө, уул уурхайн салбарын томоохон хөрөнгө оруулагч байсан юм. Улмаар 2007 онд Асашёорюү өмнөх алдар нэрийг нь сэргээнэ гэсэн амлалттайгаар циркийг худалдан авсан. Ингэхдээ жүжигчдийг орчин үеийн сургуульд үнэгүй хамруулж, цалинг нь нэмнэ гэж амласан. Мөн циркийн нэрийг Аса цирк болгон өөрчилсөн юм.
Энэ дуулианаар шинэ боломж эрэлхийлэн хилийн чанадад циркчинээр ажиллаж байсан Н.Дашдэндэв эх орондоо эргэн иржээ.
Гэвч циркийн шинэ эзний амлалт үнэндээ гавьсангүй. Дашдэндэвийн хэлснээр Асашёорюү циркчидийг цалингүй ажиллахыг шаардаж эхэлжээ. Мөн жүжигчдийн бэлтгэлийн талбайд нэвтрэх эрхийг хатуу хязгаарласан байна. Цөөн хэдэн жүжигчин л нэг жилийн хугацаатай баталгаагүй гэрээ байгуулсан аж. Асашёорюүг худалдаж авах үед аль хэдийнэ үйл ажиллагаа нь доголдоод байсан цирк олон сарын зайтай цөөн хэдэн үзүүлбэр л үзүүлжээ.
Өдгөө 38 настай Н.Дашдэндэв “Бүгд л хэдэн жилийн дараанаас бууж өгч эхэлсэн. Бидний өв соёлыг булаан авч байгаа юм шиг санагдаад маш гунигтай байсан” гэж ярив.
Асашёорюү болон Монгол Улсын Соёлын яамнаас тайлбар авахыг хүссэн ч хүсэлтэд хариу өгсөнгүй.
Сүүлийн жилүүдэд жүжигчид бэлтгэл сургуулилалт хийх газартай болохын тулд засгийн газарт хүсэлт тавьж эхэлсэн ч тусыг эс олов. Гэтэл энэ хугацаанд Аса циркийг циркийн тоглолт, бэлтгэл сургуулилалтад бус концертод л ашиглаж байлаа. 2018 оноос хойш засвар хийгдэж буй тус барилга одоо граффитаар дүүрч, хашаагаар хүрээлэгджээ.
Энэ байдал Лас Вегас дахь “Cirque du Soleil”-д ажиллаж буй уран нугараач Э.Цацрал зэрэг жүжигчинг бухимдуулсан юм. Залуу жүжигчдэд суралцах аюулгүй бөгөөд цэвэр газар гаргаж өгөхгүй бол монгол циркийн уламжлал эцэстээ үгүй болно гэж тэд эмээж байна. Гиннесийн дээд амжилтын номонд “Маринелли нугаралт”-аар нэрээ бичүүлсэн 36 настай Э.Цацралын хэлснээр Монголын циркийн сургуулийн байр халуун усгүй, гэрэл, халаалт нь хангалтгүй байдаг аж. Тэнд хүүхдүүд байх нь аюултай. “Хэрвээ Монголд төрийн дэмжлэгтэй үндэсний цирк байсан бол эх орондоо уран бүтээлээ хийх байсан. Гадаадад тоглохоос өөр аргагүй байна” гэж тэр хэллээ.
Залуу жүжигчдийн хувьд эх орноо орхин явах хүнд байдаг. Гэтэл зарим нь үүнийг далимдуулан тэдэнтэй гэрээ хэлэлцээр хийх гэж оролддог аж.
Монголтой харьцуулахад эрс тэс цаг агаартай Лас Вегас руу нүүхэд Э.Цацралд ч амар байгаагүй. Тэр ирснийхээ дараа Д аминдэмийн дутагдалд орсон бөгөөд халуунаас зайлсхийхийн тулд гадаа ч ховорхон гардаг байв.
Түүнтэй мөр зэрэгцэн уран бүтээл туурвиж буй монгол эмэгтэй олон бий. Энэ нь гэрээсээ хол байгаа түүнд дэм болдог аж. Тэд өөрсдийгөө “Монголын уран нугаралтын мафи” гэж хошигнон нэрлэдэг. Амралтын өдрөөр тэд хамтдаа монгол хоолоо идэж, сүүлийн үеийн сонин сайхнаа хуваалцдаг.
“Бид хамтдаа байгаа ч гэрээ маш их санаж байна. Миний мөрөөдөл бол Монголын залуу үед багшлах. Тэгж байж тэд энд ирж тоглож чадна. Гэтэл би хаана тэдэнд заах билээ?” гэж Э.Цацрал ярилаа.
Эх сурвалж: NY TIMES