Цахим спортын CS2 төрлийн “eXTREMESLAND” тэмцээн гурван өдөр Шанхай хотноо үргэлжилж, өнөөдөр/2024.01.28/ аваргаа тодрууллаа. Нийт 50 мянган ам.долларын шагналын сантай энэхүү тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн “The MongolZ” болон монгол тамирчдаар цөмөө бүрдүүлсэн Тайландын “NKT” тэргүүтэй Азийн шилдгүүд өрсөлдсөн. Ийнхүү найман багаас “The MongolZ” баг түрүүлж, 2016 оноос хойш болж буй “eXTREMESLAND”-ийн аваргыг авсан анхны монгол баг боллоо. Тэд финалд Хятадын “Lynn Vision”-ийг 2-0 гэсэн харьцаатай хожсон бол хагас шигшээд “Team NKT”-ийг, хэсэгтээ “ACME”, “Tyloo” зэрэг багуудыг буулган авч, 25 мянган ам.долларын эздээр тодорчээ.
Тайландын “Team NKT” багийн хоёр Узбекистан тамирчин визний асуудлын улмаас Шанхайг зорьж чадаагүй бөгөөд тэднийг орлон “ATOX” багийн “dobu” болон “MiQ” гэсэн монгол тамирчид тоглож, хагас шигшээд шалгарав.
“The MongolZ”-ийн тухайд өчигдөр “IEM Chengdu 2024”-ийн Азийн сонгон шалгаруулалтын финалд “Tyloo”-д хожигдож, харамсалтай нь Чэндуд болох томоохон тэмцээний эрхээ алдсан билээ. Харин өнөөдөр шархаа нөхөж, энэ оны анхны түрүүгээ авлаа.
Тэднийг одоо Польш улсад болох “IEM Katowice 2024” тэмцээн хүлээж байна. Ирэх Лхагва гаригт эхлэх тэмцээний эхний тоглолтоо “The MongolZ” Бразилын “FURIA”-ийн эсрэг хийнэ. Өнгөрсөн жил хоёр баг учраа тааран тоглоход “The MongolZ” ялж, шуугиан тарьж байсан түүхтэй.