Зорчигчдоо булаацалдсан, хоорондоо мөргөлдсөн, уралдсан автобуснууд бол Улаанбаатарын нийтийн тээврийн үнэн төрх. Нийтийн тээврийн компаниуд зөвхөн орлогын хойноос хөөцөлддөг байдал үүний цаад шалгаан юм. Ашигтай урт чиглэлд, олон эргэлт хийсэн жолооч шагнал, урамшуулал ахиу авдаг тогтолцоо автобуснууд зам тээврийн осол гаргахаас хотын соёлыг хойш татаж байгаа. Анх 2015 онд хотын дарга асан Э.Бат-Үүл энэ байдлыг цэгцлэхээр Улаанбаатар хотын 60-аад жил өөрчлөгдөөгүй чиглэлүүдэд өөрчлөлт оруулсан байдаг. Ингэхдээ тодорхой чиглэлүүдэд автобусыг богино эргэлтээр явуулахыг нэвтрүүлж байлаа.
Тэрхүү арга хэмжээ нь түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийн эргэлтийг хурдасгах, соёлжуулах зорилтдоо бүрэн хүрч чадаагүйг өнөөдөр ч замбараагүй давхилдаж буй автобусны үйлчилгээ илтгэж байгаа.
Өнгөрсөн оны судалгаагаар нийтийн тээврээр үйлчлүүлж байгаа иргэдийн зорчилтод зарцуулж байгаа хугацаа хуучин маршрутаар 100 минут байсан. Автобусаар зорчиж буй иргэн автобусны эцсийн буудлуудын хороонд хэрвээ суудал олдохгүй бол бүхэл бүтэн 1 цаг 40 минут зогсч явдаг гэсэн үг. Тэгвэл шинэчилсэн чиглэлээр нэг зорчилтод зарцуулах хугацааг 70 минут байх тооцоо гарсан. Өөрөөр хэлбэл, автобусны шинэчилсэн чиглэл буюу богино эргэлтийн систем бүрэн хэрэгжээд эхэлсэн тохиолдолд бидний автобусанд өнгөрүүлдэг хугацаа нэг талдаа хагас цагаар, хоёр талдаа бүтэн цагаар богиносох нь ээ.
Нөгөө талдаа буудал дээр автобус хүлээж буй иргэдийн гадаа зогсох хугацаа багасна. Ер нь дэлхийн томоохон хотууд түгжрэлийн асуудлаа нийтийн тээврээр шийдсэн. Одоогоор нийтийн тээврийн хүрэлцээг нэмэгдүүлж, нэгдсэн менежментэд оруулахаас өөр төгс шийдэл байхгүй. Жишээ нь, нийслэлийн төв чиглэлд буюу Энхтайваны өргөн чөлөөнд 22 чиглэлийн автобус давхцаж явж, авто замын нэгдүгээр эгнээнд автобусны түгжрэл үүсэх тохиолдол бишгүй. Энэхүү давхацлыг арилгаснаар нэгдүгээр эгнээгээр зорчих автобусны хурд нэмэгдэж байгаа. Дээр нь ашиглалтын шаардлага хангахгүй болсон 600 автобусыг халж, орчин үеийн шинээр солих ажил эхэлсэн. Энэ бүгд нийлээд нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах замаар авто замын түгжрэлийг бууруулах цогц арга хэмжээний нэг хэсэг юм.