Хотын даргын Төсөл хөтөлбөр хариуцсан зөвлөх Ч.Батзориг өнөөдөр /2024.01.04/ тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээний талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр “Тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээг 2023 оны наймдугаар сараас эхлэн Улаанбаатар хотод нэвтрүүлж эхэлсэн. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас улс даяар тээврийн хэрэгслийн гэрчилгээг цахимжуулах ажлыг хийж байна. Өнөөдрийн байдлаар 128.300 тээврийн хэрэгсэл цахим гэрчилгээг олгоод байна. Улаанбаатар хотын хэмжээнд үндсэн 16 байршилд цахим гэрчилгээг нааж байгаа. Ер нь 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс тээврийн хэрэгслийн үзлэг, оношилгоо эхэлсэн. Үүнтэй зэрэгцэн цахим гэрчилгээг наах ажлыг хийж байгаа учраас төвүүдэд ачаалал үүссэн байна. Хоёр зүйлийг тодруулъя. Нэгд, одоо тээврийн хэрэгсэл эзэмшиж байгаа жолооч нар гэрчилгээгээ цахимжуулахад ямар нэгэн төлбөр төлөхгүй. Мөн хуучин гэрчилгээтэй бол торгууль тавихгүй, замын хөдөлгөөнд хэвийн оролцоно.
Үзлэг оношилгооны төвүүдийн ачаалал яагаад нэмэгдэв гэхээр, өнгөрсөн наймдугаар сараас авхуулаад цахим гэрчилгээ наах сурталчилгааг хийсэн боловч жолооч нар сайн дураараа ирэхгүй байсан. Нөгөөтэйгүүр ЗТХЯ-ны хуваарийн дагуу нэгдүгээр сард автомашины үзлэг оношилгоог эхлүүлсэнтэй зэрэгцэн цахим гэрчилгээг нааж байгаа юм.
Өнгөрсөн долдугаар сард ЗТХЯ, нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран 100 гаруй ажилтанг цахим гэрчилгээг олгох үйл ажиллагааны сургалтад хамруулсан. Эдгээр ажилтнууд бүрэн хүчин чадлаараа ажиллаж байна. Ер нь үзлэг оношилгооны цэг цөөн байгаа нь үнэн. Энэ асуудлаар Авто тээврийн үндэсний төвд хандаж, “И-Март” болон “Номин” сүлжээ дэлгүүрээр цахим гэрчилгээ наах ажлыг удаа дараа санал тавьсан. Цэгийн тоог нэмэх ажлыг хийж байгаа. Олон газрыг хамарсан ажил учраас хүндрэлтэй асуудал гарч байгаа нь үнэн. Нийслэлий хувьд өнгөрсөн долдугаар сард ЗТХЯ-нд 4470 ширхгийг нийлүүлж, олгож байгаа. Зам, тээврийн хөгжлийн яамнаас үлдсэн 800 мянган RFID тагийн худалдан авалтыг зохион байгуулсан. Эдгээр цахим гэрчилгээг 21 аймаг, нийслэлийн нийтийн тээвэрт нааж байгаа.
Улаанбаатарын хэмжээнд цахим гэрчилгээний хомсдол үүсээгүй. Нэг цахим гэрчилгээг 6700 төгрөгөөр нийлүүлсэн байгаа бөгөөд “Бодь” компани нийлүүлж байгаа.
Систем хөгжүүлэлтийн хувьд ЗТХЯ-нд Албан журмын даатгагчдын холбооноос 10 тэрбум төгрөгийг гарган хийж байна. Эцсийн байдлаар дуусаагүй ч эхний улиралд ашиглалтад оруулах чиглэл өгсөн” гэв.