Төрийн зарим албан тушаалтнууд ажилдаа түүртээд мартамхай болсон уу, аль эсвэл Авлигатай тэмцэх газар /АТГ/-ынхныг анзаарахгүй гэж боддог уу, хөрөнгө орлогоо мэдүүлэхдээ машинаа “мартсан” тохиолдлууд гарчээ.
Тухайлбал, албан тушаалтнуудын дунд эхнэрийнхээ нэр дээр байгаа машиныг мэдүүлэхгүй, эсвэл эхнэр нь нөхрийнхөө үүсгэн байгуулж хувь эзэмшиж байгаа компанийн нэр дээрх автомашиныг мэдүүлээгүй орхигдуулах зэрэг зөрчил илэрч буй аж. Ингэхдээ нөхрийнхөө хувь эзэмшлийн компанийн нэр дээр бүртгэлтэй таван ч машиныг нь бүртгүүлээгүй байсан нь АТГ-ынхны шалгалтаар илэрчээ.
Уг нь хуульд зааснаар хөрөнгө орлогын мэдүүлэгтээ энэ мэт хөрөнгөө мэдүүлэхгүй орхигдуулах нь хориотой, наад зах нь ажлаас халагдах үндэслэл, цаашлаад эрүүгийн хуулиар шалгуулах шаардлага үүсдэгийг мэддэг л баймаар.
АТГ нь жил бүр төрийн албан тушаалтнуудаас хөрөнгө орлогын мэдүүлэг авдаг нь үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байна уу, үгүй юу гэдгийг нэг ёсны тодруулахад чиглэдэг гэж хэлж болно. Нийтдээ төрд алба хашиж буй 40 мянга гаруй албан тушаалтан энэхүү
Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн үйлчлэлд хамааран хөрөнгө орлогын мэдүүлэг гаргадаг. Тэр бүгдийг шалгах боломж байдаггүй ч хамгийн эрсдэл өндөртэй бүлгийнхний хөрөнгө орлогын мэдүүлэгт шалгалт хийдэг. Иймээс сиймхийгээр нь асуудалгүй гарчихна гэж бодолтгүй л болсон байдаг юм.