“Шинэ хоршоо” хөдөлгөөний явцын талаар зохицуулагчид нь Үндэсний мэдээллийн төвд өнөөдөр мэдээлэл хийлээ. Тус хөдөлгөөний зохицуулагч Ё.Азжаргал өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд хэдэн малчин хоршоонд нэгдсэн, хэдий хэмжээний зээл авсан тухай албан ёсны мэдээллийг өгөв.
Өнөөдөр Монголд 1400 гаруй хоршоо шинээр байгуулагдсан байна. Энэ нь өнгөрсөн 34 жил мал аж ахуйн салбарт гарч байгаагүй тоо юм. Мөн 600 гаруй хоршоо банканд хоршоо байгуулах төслөө өгөөд судлуулж байгаа аж. Үүнээс 150 орчим нь хоршооны хөрөнгө оруулалтын зээл аваад дараагийн үйл ажиллагаа руу шилжжээ. Нийтдээ 10 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын зээлийг арилжааны банкуудаас хоршоод авсан байна. Мянга гаруй малчин хоршоонд нэгдэж ахуй амьдралаа сайжруулах гараанд гарчээ.
Монголын 180 гаруй мянган малчин ахуй байдлаа сайжруулах боломжтой Засгийн газрын бодлогыг Ардчилсан намын зүгээс хэт улстөржүүлж, эсэргүүцэж малчдыг дорд үзэж байна гэж “Шинэ хоршоо” хөдөлгөөний зохицуулагч Ё.Азжаргал хэлэв. Тэрээр “АН-ын дарга Л.Гантөмөрийг Монголын 180 мянган малчнаас уучлалт гуйхыг шаардаж байна. Л.Гантөмөр өнгөрсөн өвлийн цас зуднаар малчны хотонд очоогүй, хаврын хавсарганд мал төллөх үеэр малчны хотонд очоогүй байж шинэ гутал хувцастай, тухтай сандал дээр суугаад малын хашаанд үнэтэй контент хийж, малчдыг доромжилсон” гэв. Мөн АН-ын нэр бүхий гишүүд малчдыг мал маллахаас өөр эрдэмгүй, эдийн засгийн үйл ажиллагаанд оролцох чадамжгүй, зээл аваад өрөнд орчихдог дорд бүлгийн хэсэг хэмээн доромжилж байна хэмээн Шинэ хоршоо хөдөлгөөний зохицуулагчид хэллээ.
АН сөрөг хүчний хувьд үүнээс ч илүү бодлого боловсруулж танилцуулахын оронд Монголын малчдыг боловсролгүй, чадамжгүйгээр доромжилж байгаад шүүмжлэлтэй хандаж байгаагаа Шинэ хоршооны зохицуулагчид онцлов.