Мягмар гарагт Харвардын их сургуулийн ерөнхийлөгч Клодин Гэй албан тушаалаасаа огцрох шийдвэр гаргажээ.
Тэрбээр сүүлийн саруудад Газын зурваст болж буй дайнтай холбоотой дэгдсэн антисемитист үзэл, эрдмийн бүтээлдээ бусдын оюуны өмчийг хуулбарлан ашигласан асуудлуудаар дуулианд холбогдоод байсан юм.
Тухайлбал тэр Хамас-Израилийн дайны улмаас антисемитист (жүүдийн эсрэг) үзэл их сургуулиудад дэлгэрч буй асуудлаар АНУ-ын конгрессын сонсголд оролцохдоо ийм үзэл бодол илэрхийлэх нь Харвардын ёс зүйн дүрмийг зөрчиж байгаа эсэх талаар тодорхой хариулахаас татгалзаж байв. Түүний энэ байр суурийг Израилийн эрх баригчид болон дэлхий даяар амьдардаг жүүд хүмүүс ширүүн шүүмжилсэн юм.
Саяхан Гэй бас ашигласан материалуудын эх сурвалжийг эрдмийн ажилдаа бүрэн дурдаагүй гэх дуулианд нэр холбогдсон юм.
Клодин Гэй огцрох болсон шалтгаанаа өөрт нь чиглэсэн аюул занал, арьс өнгөөр ялгаварлах хандлага нэмэгдсэнтэй холбоотой гэж тайлбарлажээ.
Өнгөрсөн сард болсон конгрессын сонсголын дараа АНУ-ын 70 гаруй хууль тогтоогч, Харвардыг төгссөн алдартнууд, Харвардын ивээн тэтгэгчид түүнийг огцрохыг шаардаж эхэлсэн юм.
“Ерөнхийлөгч Гэйн алдааны улмаас Харвардын их сургууль олон тэрбумын хандиваа алдах эрсдэлтэй тулгараад байна” гэж тус сургуулийн төгсөгч, олон тэрбумыг хандивласан санхүүч Билл Экмэн анхааруулж байв.
Нью-Йорк хотод Хайти гаралтай гэр бүлд төрсөн 53 настай Гэй нь улс төрийн шинжлэх ухааны профессор юм.
Тэрбээр өнгөрсөн оны долдугаар сард 368 жилийн түүхтэй Харвардын их сургуулийн анхны хар арьстан ерөнхийлөгч болж байжээ.
“Манлайлагчийн алдаа, антисемитизмийн үгүйсгэл ийм үнэ цэнтэй юм. Гайхамшигт Харвардын их сургууль энэ бурангуй үйлдлээсээ сургамж авна гэж найдаж байна” гэж Израилийн гадаад хэргийн сайд Израил Кац мэдэгдсэн байна.
Эх сурвалж: AFP