АНУ-ын зэвсэгт хүчин робот удирдлагатай X-37B туршилтын нууц сансрын хөлгөө долоо дахь удаагаа хөөргөжээ.
Ингэхдээ SpaceX компанийн Falcon Heavy хүнд даацын пуужингаар анх удаа тээвэрлэснээс үзвэл өмнөх туршилтуудаасаа хамгийн өндөрт буюу дэлхийн тойрог замын дээд өндөрт хүрсэн бололтой байна.
Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан хоёр долоо хоног гаруй хугацаанд саатсаны эцэст Пүрэв гарагийн орой ийнхүү амжилттай хөөргөжээ.
Хоёр долоо хоногийн өмнө Хятад улс үүнтэй өрсөлдөх сансрын робот хөлөг Shenlong-ийг 2020 оноос хойш гурав дахь удаагаа туршилтаар хөөргөж байв.
X-37B хөлгийн талаар Пентагон олон нийтэд дэлгэрэнгүй мэдээлэл өгдөггүй.
Boeing компанийн бүтээсэн жижиг автобусны хэмжээтэй энэ хөлөг дэлхийн тойрог замд төрөл бүрийн багаж төхөөрөмж хүргэж, урт хугацааны технологийн туршилт явуулах чадвартай гэгддэг.
Үүргээ гүйцэтгэсний дараа дэлхийн агаар мандалд нэвтэрч, ердийн нисэх онгоц шиг газардах чадвартай ажээ.
X-37B хөлгийг 2010 оноос хойш долоо дахь удаагаа туршиж байгаа нь энэ юм.
Өмнөх зургаан хөөргөлтийн тавд нь United Launch Alliance компанийн Atlas V пуужинг ашиглаж байжээ. United Launch Alliance бол Boeing, Lockheed Martin компаниудын хамтран байгуулсан охин компани юм.
Харин зургаа дахь удаа хөөргөхдөө 2020 оны тавдугаар сард SpaceX компанийн Falcon 9 пуужинг ашиглаж байжээ.
Сүүлийн хөөргөлтөд хүнд даацын Falcon Heavy пуужинг ашигласнаас үзвэл X-37B хөлгийг дэлхийн геосинхрон тойрог зам буюу газраас 35,000 гаруй километрийн өндөрт хүргэсэн бололтой.
Өмнө хүрсэн хамгийн өндөр цэг нь 1,200 км буюу нам өндрийн тойрог зам байжээ.
Арванхоёрдугаар сарын 14-нд Long March 2F пуужинд тээвэрлэн хөөргөсөн Хятадын Shenlong хөлгийг нам өндрийн тойрог замд хүрсэн гэж үзэж байгаа.
Хятадын тал хөлгөө Пентагоны хөлгийн хөөргөх цаг хугацаатай давхцуулсан нь тохиолдлын хэрэг биш бөгөөд ижил түвшинд өрсөлдөж байгаагаа харуулсан явдал гэж ажиглагчид үзэж байна.
Энэ удаа X-37B хөлөг тойрог замд хэр удахыг нийтэд зарлаагүй ч хамгийн эртдээ 2026 оны зургаадугаар сарыг хүртэл тойрог замд ажиллах төлөвтэй байгаа гэнэ.
Өмнөх туршилтаар уг хөлөг хоёр жил гаруй хугацаанд тойрог замд ажиллаад 2022 оны арваннэгдүгээр сард газардаж байжээ.
Эх сурвалж: Reuters