Сүүлийн үед өсвөр насны хүүхэд эрүүгийн чанартай гэмт хэрэг үйлдэх, тэр дундаа хулгайн гэмт хэрэгт холбогдох тохиолдол ихэсч байгаад зарим эцэг эхчүүд санаа зовинож суугаа байх. Тухайлбал, өнгөрсөн сарын 20-нд СХД-ийн 13 дугаар хорооноос “Honda Fit” маркийн автомашин алдагдсан гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн байна. Тус дүүргийн цагдаагийн газрын Гуравдугаар хэлтсээс мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж, хэргийг 16 настай “Ш” болон 17 настай “Н” нар нь бүлэглэн үйлдсэн болохыг тогтоосон байна.
Тэгвэл Цагдаагийн байгууллагад энэ сарын 7-ны өдөр “Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны зогсоолд байсан автомашинд хулгай орсон байна” гэх дуудлага иржээ. Мөн зогсоолоос “Toyota Corolla” маркийн тээврийн хэрэгсэл алдагдсан” гэх мэдээлэл тус тус бүртгэгдсэн байна.
Дуудлагын дагуу тус дүүргийн цагдаагийн газрын III хэлтсээс мөрдөн шалгах ажиллагааг явуулж иргэн Ц-ийн эзэмшлийн “Toyota Prius” маркийн тээврийн хэрэгслээс мөнгөн аяга, мөнгөн бөгж зэрэг эд зүйл, мөн иргэн М-ийн эзэмшлийн “Toyota Corolla” маркийн тээврийн хэрэгсэл алдагдсан хэргийг 14-15 насны эрэгтэй Н, Ш нар үйлдсэнийг эрэн сурвалжилж илрүүлсэн байна.
Иймд эцэг эхчүүд та бүхэн 14-16 хүртэлх насны хүүхэдтэй бол хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулж, өсвөр насны хүүхэд хулгай дээрэм хийсэн бол иргэний хуулийн зохицуулалтын дагуу түүний асран хамгаалагч, эцэг эх нь хохирлыг барагдуулах зохицуулалт байдгыг сануулаарай.
Мөн Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөж буй Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд эрүүгийн хариуцлага хүлээлгэх насны хязгаарыг тодорхой заасан байдаг.
Эрүүгийн эрх зүйн судлагдахуунд 16 нас хүрсэн байвал хэрэг хариуцах бүрэн чадвартай субъект болно гэж үздэг. Зарим тохиолдолд 14 насанд хүрсэн байхдаа тодорхой тооны гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдвол эрүүгийн хариуцлага оногдуулдаг гэдгийг тайлбарлаж, ойлгуулж өгөх нь чухал юм шүү.