Шүүхийн Ерөнхий Зөвлөл(ШЕЗ)-ийн ээлжит хуралдаан өчигдөр болж, анхан шатны шүүхийн шүүгчийн дөрвөн сул орон тоонд сонгон шалгаруулалт зарлалаа.
Нэр дэвшигч анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчээр томилогдсонтой холбоотой гарсан сул орон тоог Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасны дагуу 14 хоногийн дотор хэлэлцэж, сонгон шалгаруулалт зарлах ёстой байдаг. Дээрх сул орон тооны сонгон шалгаруулалтын бүртгэл 2024 оны гуравдугаар сарын 18-ны 09:00 цагаас эхлэх бөгөөд 2024 оны дөрөвдүгээр сарын 17-ны 17:00 цаг хүртэл үргэлжлэх юм.
Мөн хуралдаанаар шүүгчийн сонгон шалгаруулалт зохион байгуулсан тайланг сонсож, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний саналыг хэлэлцэв. 2023 оны арванхоёрдугаар сарын 8-ны өдрөөс зарим шүүхийн шүүгчийн сул орон тоог нөхөх зорилгоор ШЕЗ-ийн 105, 163, 211, 231 дүгээр тогтоолоор анхан шатны шүүхийн шүүгчийн 59, давж заалдах шатны шүүхийн шүүгчийн 7, нийт 66 шүүгчийн сул орон тоонд сонгон шалгаруулалт зарласан байна.
Сонгон шалгаруулалтын шалгалтад тэнцэж нийлбэр оноогоор эрэмбэлэгдсэн анхан шатны шүүхэд 15, давж заалдах шатны шүүхэд дөрөв нийт 19 нэр дэвшигчийг шүүгчээр томилуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлжээ.