Латин Америк дахь хамгийн өндөр инфляцтай улс Венесуэл байсаар ирсэн. Тэгвэл өнгөрсөн жил Аргентинд инфляцын түвшин 200 гаруй хувиар нэмэгдсэний дараа Венесуэлийн байрыг тус улс эзлэх боллоо.
Аргентины засгийн газраас пүрэв гарагт /2024.01.11/ гаргасан тоо баримтыг харвал инфляц арван хоёрдугаар сард өмнөх жилийн мөн үетэй харьцуулахад 211 хувиар нэмэгдсэн байна. Харин арван хоёрдугаар сард арван нэгдүгээр сартай харьцуулахад 25.5 хувиар нэмэгдсэн юм.
Венесуэлийн хувьд олон жилийн турш үргэлжилсэн эдийн засгийн хямралаас болж 2018 онд инфляц 1 сая гаруй хувьд хүрж байсан. Харин өнгөрсөн жил инфляц 193 хувь болсон гэж Венесуэлийн санхүүгийн ажиглалтын төв ТББ мэдээлжээ. Харин “Ecoanalitica” компани инфляцыг 170 хувь тооцоолсон байна.
Аргентины Ерөнхийлөгч Хавиер Милэй улсад нь тулгараад буй эдийн засгийн асуудалтай тэмцэхийн тулд хэд хэдэн томоохон өөрчлөлт гаргахаа амласан байгаа. “EM Funding” компанид санхүүгийн зөвлөх хийдэг Петр Уэст “Төсвийн алдагдал, засгийн газрын өрийг багасгах стратеги Венесуэлд байхгүй. Харин Аргентинд санхүүгийн хүчирхэг суурь дээр тулгуурласан, ОУВС-гийн дэмжлэгтэй хөтөлбөр бий” гэж хэлжээ.
Эх сурвалж: Reuters