Ардчилсан Намаас/АН/ өнөөдөр 4/11 мэдээллийн цагаараа шинээр томилогдсон Нарийн бичгийн дарга нараа танилцуулж, мэдээлэл өглөө.
АН-ын Хэрэг Эрхлэх Газрын дарга Н.Лхагвадорж “Эрх баригч нам өрийн дарамтгүй монгол байна гэж амласан ч өрийн дарамттайгаар сонгуулийн жилтэйгээ золголоо. Монгол Улсын нийт өр 31.1 их наяд төгрөгт хүрч, нэг иргэн 35 сая төгрөгийн өртэй нийгэмд амьдарч байна.
Татвар, шимтгэлийг нэмж, зохиомлоор торгуулийг нэмж байна. Бие даан эдийн засгаа урагшлуулах боломжгүй болж, ОХУ нийлүүлдэг эрчим хүчний 50 хувийг хязгаарлахад эдийн засаг нь унаж байна. Бензиний хязгаарлалтаас болж бараа бүтээгдэхүүний үнэ хэд дахин нэмэгдлээ. Нефтийн үйлдвэр барина гэж амласан. Харийн дарамт нүүрлэж байна.
Монгол Улс утааны түвшингөөр дэлхийд нэг номерт жагсаж байна. Жилд дунджаар 1,200-4,000 хүн утаанаас шалтгаалж бурхан болж байгаагийн 200-600 нь хүүхэд.
АН 2024 оныг их тэлэлтийн жил хэмээн зарлаж байна. Өнгөрсөн онд их эвлэрлийн жил байж, 15 дэд даргаа томилсны 60 хувь нь 80-аад оны залуучууд байлаа.
Энэ онд 90-ээд оны залуучуудыг нарийн бичгийн даргаараа томиллоо” хэмээн ярилаа.
АН-ын Гадаад харилцаа хариуцсан нарийн бичгийн дарга Б.Энхдөлгөөн “Манай нам нээлттэй, олон талт гадаад бодлогыг тууштай дэмждэг улс төрийн хүчин мөн.
Миний хувьд намын институцийг бэхжүүлэхэд олон улсын баруун төвийн үзэл баримтлалтай намуудтай хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлж дотоод хүний нөөцийг чадавхжуулах ёстой гэж үзэж байгаа.
Геополитикийн хувьд хуваагдалтай, хүндрэлтэй үед АН-ын баримтлах гадаад бодлого, харилцаа, хамтын ажиллагаа, гадаадын шууд хөрөнгө оруулалт татах оновчтой бодлогыг тодорхойлоход залуучуудын оролцоо чухал. Тиймээс залуучуудын нийгэм, эдийн засаг, улс төр дэх оролцоог нэмэгдүүлэхийн төлөө зоригтой залуус нэгдсэн байгаад баяртай байна”.
АН-ын Боловсролын асуудал хариуцсан нарийн бичгийн дарга Э.Энхпүрэв “Боловсролын чанар хүний хөгжилтэй шууд хамааралтай гэж дүгнэж буй.
2022 онд Монгол хүүхдүүд олон улсын PISA үнэлгээгээр үнэлүүлж, хангалтгүй үр дүн гарсан.
Дэлхийн хөгжингүй орнууд нэг хүүхдийн боловсролд жилд хамгийн багадаа $10,000 зарцуулдаг бол манай улс $1,000 хүрэхгүйг зарцуулж байна. Тиймээс монгол хүүхдүүдийн бие даасан, сэргэлэн төлөвт суурилсан чадварыг олгох нь боловсролын баримтлах чиг баримжаа гэж тодорхойлж байна.
Багш нартай хамтарч боловсролын салбарын хөгжилд хувь нэмрээ оруулна” хэмээн ярилаа.
АН-ын Залуучуудын хөгжлийн бодлого хариуцсан Нарийн бичгийн дарга Б.Батзаяа “Монгол залуус нэг сая төгрөгийн цалин амьдралд нь хүрэлцэхгүй, утаа, түгжрэл, боловсролын асуудал, бизнес хийх боломж нөхцөл муу зэргээс бухимддаг. Ингээд гадаад улс руу явж амьдрахыг хүсэж байна. Гадаадад очоод аз жаргалтай, сайхан амьдарч болоод байна. Тиймээс гадагш явах болж буй хүчин зүйлүүдийг анагаавал бодит үр дүн гарна гэж харж байгаа”.
- Ардчилсан Намын боловсролын асуудал хариуцсан Нарийн бичгийн дарга Энхтайваны Энхпүрэв
- Ардчилсан Намын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан Нарийн бичгийн дарга Саруулсайханы Цэнгүүн
- Ардчилсан Намын Залуучуудын хөгжлийн бодлого хариуцсан Нарийн бичгийн дарга Булганбаатарын Батзаяа
- Ардчилсан Намын Гадаад харилцаа хариуцсан Нарийн бичгийн дарга Баяндүүрэнгийн Энхдөлгөөн
- Ардчилсан Намын Бизнес хөгжил, технологи, инноваци хариуцсан Нарийн бичгийн дарга Норовсамбуугийн Гансүх нар томилогджээ.