Монголын волейболын тамирчдын ур чадвар, авьяас хилийн чандад хэдийнэ үнэлэгдээд эхэлсэн. Солонгос, Япон, Тайландын лигт мөрөө гаргасан тамирчдын цувааг энэ удаад Б.Батсуурь үргэлжлүүлж, Арабын Нэгдсэн Эмират улсын лигт тоглохоор болжээ. Тэрбээр энэ талаар өөрийн цахим хуудаснаа “Дараагийн аялал Дубай. Арабын Нэгдсэн Эмират улсын Дубайн нэгдүгээр лигийн Шабаб Аль Ахли багт гурван сарын хугацаатай тоглохоор эх орноосоо хүлгийн жолоо залахад бэлэн боллоо. Та бүхэн минь сайн сууцгааж байгаарай” гэжээ.
Саяхан Монголын волейболын дээд лигт “Өмнөговь Шанх Транс” багийнхаа хамтаар мөнгөн медалийн эзэн болсон тэрбээр өнөө цагийн Монголын шилдэг тамирчдын нэг билээ. Өнгөрсөн хугацаанд Т.Хангал Тайландын лигт, Г.Хандсүрэн Японы лигт, Б.Баярсайхан, Ж.Энх-Эрдэнэ нар Солонгосын лигт, О.Чойжилсүрэн, Б.Батсуурь нар Азербайжаны лигт тус тус тоглоод байна.
2017 онд байгуулагдсан Шабаб Аль Ахли баг нь хэдийнэ улсынхаа шилдэг багуудын нэг болсон аж. Тэдний хамгаалалт, довтолгоо лигтээ гайхагддаг гэнэ. Бразил, Серби, АНУ зэрэг улсын тамирчдыг бүрэлдэхүүндээ багтаасан бөгөөд багийн ахлагч нь дэлхийн шилдгүүдийн нэг Бразилын Бруно Резенде гэж гадны хэвлэлүүд мэдээллэж байна. Харин дасгалжуулагч нь итали мэргэжилтэн Андреа Жиани.