Олон улсын олимпын хороо /ОУОХ/-ны гишүүн, Монголын үндэсний олимпын хорооны Ерөнхийлөгч Б.Баттүшиг Парист очсон гэр бүлийн гишүүд нь шигшээ багт хуваарилагдсан мандат, эрхийг эдлээгүй хэмээн өөрийн цахим хуудсаар дамжуулан мэдэгдлээ.
Тэрбээр, “Олон улсын олимпын хорооноос гишүүдээ гэр бүлийнх нь хамт олимпын наадамд оролцох боломжийг хангаж, мандат олгон, зардлыг нь даадаг юм. Парист ирсэн манай гэр бүлийн гишүүд шигшээ багт хуваарилагдсан мандат, эрхийг эдлээгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье.
Олимпын наадмын журмын дагуу албаны хүмүүсийн тоог эрх авсан тамирчдын тоотой уялдуулж олгодог. Парист 32 тамирчин оролцож буй тул бидэнд албан ёсоор 16 албаны мандат оногдсон гэсэн үг.
Үүнд тааруулан багаа бүрдүүлж, нэрсээ ирүүлэхийг бид холбоодоос хүсэж, холбоодын ирүүлсэн мэдүүлгийн дагуу мандат захиалдаг. Бид холбоодтой мандатыг тодорхой хугацааны дараагаар солих (transferable) зэргээр оролцоог нэмэгдүүлэхээр хамтран ажилладаг болно” гэсэн байна.