МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар Банкны тухай хуулийн хэрэгжилтийг сунгах хуулийн төслийг дэмжсэн байна.
Монголын мөнгөний эргэлтийн 70-80%-ийг барьдаг мөртлөө 3-4 эзэнтэй банкууд задарч, 70,000 хувьцаа эзэмшигчтэй болсноор банкуудын өөрийн хөрөнгө 473 тэрбум төгрөгөөр нэмэгджээ.
Энэ талаар УИХ-ын гишүүн Б.Баттөмөр “Монголын банкны системд гажуудал үүссэн байсныг 2021 оны нэгдүгээр сард баталсан хуулиар зассан.
Банкны нийт хувьцааны 20-оос доошгүй хувийг 2023 оны арванхоёрдугаар сарын 31-ний дотор арилжаалах үүрэг хуулиар өгөгдсөн. Өнөөдрийн байдлаар Төрийн банк, ХХБ, Голомт зэрэг таван банк хувьцаагаа арилжсан. Эдгээр банкны нийт хувьцааны 6.5%, хамгийн их нь 11 орчим хувь худалдагдаж, 70,000 хувьцаа эзэмшигчтэй болжээ.
Монголын мөнгөний эргэлтийн 70-80%-ийг барьдаг мөртөө 3-4 эзэнтэй банкууд задарч, 70,000 хувьцаа эзэмшигчтэй болсноор банкуудын өөрийн хөрөнгө 473 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна. Банкны хувьцааг арилжих хувь нэмэгдэж, хувьцаат компанийн хэлбэрт шилжинэ. Ингэснээр банкуудын өөрийн хөрөнгө нэмэгдэж, зээлийн хүү буурна. Мөнгө угаах зэрэг буруу үйлдлүүд арилж, олон нийтийн хяналтад орох сайн талтай.
Монголын Хөрөнгийн Биржээр 830 тэрбум төгрөгийн арилжаа хийгдсэний 500 орчим тэрбум нь банкных.
Цаашид Монголын зах зээлд стратегийн хөрөнгө оруулагч нарыг оруулах шаардлагатай байгаа учир Банкны хувьцаа эзэмшигчдийн хувьцааны хэмжээ 20 хувиас хэтрэхгүй байх хуулийн хугацааг 2026 он хүртэл сунгахыг бүлэг дэмжлээ.
Хуульд нэг хувьцаа эзэмшигч нөгөө банкны хувьцаа эзэмшигч байж болохгүй гэсэн заалт оруулсан. Гэтэл олон улсын байгууллагууд энэ заалт нь хөрөнгө оруулалтын бодлогуудтай зөрчилдөж байгааг хэлсэн юм.
Иймд Монголын төрийн бодлого нь гаднын хөрөнгө оруулалтыг татах, банкны төвлөрөл болон зээлийн хүүг бууруулах шаардлагын үүднээс нэг хувьцаа эзэмшигч нөгөө банкны хувьцаа эзэмшигч байхыг зөвшөөрч шийдвэрлэлээ” хэмээн ярилаа.