Найруулагч Пүрэвдашийн Золжаргал нийгэм, улс төрийн өнгө аястай “Баавгай болохсон” киногоороо тэсрэлт хийн гарч ирсэн билээ. Манай улсад нээлтээ хийгээд хэд хонож байгаа уг кино олон арван сайшаал болон шүүмжлэлийг хүртээд байгаа аж. Нээлтээ хийсэн гурав хоногтоо нийт 12,359 хүн үзжээ.
Уг киноны талаар үзэгчдийн сайшаал болон шүүмжлэлийг дагуулсан аж. Дийлэнх үзэгчдийн тус киноны талаарх сэтгэгдэл нийгмийн үнэн төрхийг нэмэлт хачиргүйгээр харуулсан, реалистик кино гэсэн бөгөөд, зарим хэсэг нь монголын нэрийг олон улсын тавцанд гутаан доромжиллоо гэсэн юм.
“Баавгай болохсон” УСК өнгөрсөн жил кино уран бүтээлчдийн хүсэл мөрөөдөл болсон “Канн”-ы кино наадамд дэвшсэн бөгөөд олон улсын кино наадмаас олон арван шагнал хүртсэн уран бүтээл юм.
Нэгдүгээр сарын 11-ний өдөр тус уран бүтээл Францын 100 кино театрт нээлтээ хийсэн аж. Олон улсад нээлтээ хийсэн даруйдаа гадаад үзэгчдийн сайшаалыг ихээр хүртээд байна.
Ийнхүү та бүхэнд “Баавгай болохсон” УСК-ны олон улсын кино шүүмжлэгчдийн сэтгэгдлийг орчуулгаар хүргэж байна.
Канн 2023, “Тодорхой нэгэн өнцөг” ангилал: “Баавгай болохсон” – Нийгмийн шинжит уран нарийн монгол кино
Монголоос ирсэн уран сайхны сонгодог сцентэй энэ кино өгүүлж буй санаагаараа онцгой юм.
Өнөөдрийн Монгол. Өсвөр насны хүү Өлзий ухаантай бөгөөд ажилсаг. Өөрийн хийх юмсаа амжуулахаас гадна, үүрэх өөр зүйлс түүнд олон бий. Учир нь тэр Улаанбаатарын захын дүүрэгт, халаалтгүй гэрт ээж, дүү нарынхаа хамт амьдардаг. Дээр нь, ээж нь удаан донтсон архинаас гарч буй ч, буцаж орчих гээд байх эрсдэлтэй.
Пүрэвдашийн Золжаргалын найруулсан энэ кино нь нийгмийн амьдралын талаарх олон улсын кинонуудтай зохиолын хувьд ойр очино. Гэхдээ, хүнд хэцүү нөхцөл байдлыг дүрслэн үзүүлэх өнгө аяс нь үзэгчдийг увдислан татаж, дасгах бөлгөө. Амьд үлдэхийн тулд шаргуу хичээж буй залуу жүжигчнийх нь хичээл зүтгэлд төвлөрсөн энэ кино үнэндээ маш эерэг болжээ. Үүрцайхын Батцоож дүрдээ онцгой сайн тоглосон байна. Түүний дотоод хүч, жүжигчний зүтгэл болоод дүрийн зохиомжоос уг кино хэмнэлийнхээ нэг хэсгийг бүрдүүлжээ. Ингээд, гачаал зүдгүүрээс татгалзсан бөгөөд ойр дотны тийм мэдрэмжээр кино дүрс дүүрээд ирнэ.
Түүнчлэн, уг киног онцгойруулах бас нэг найрлага нь түүний дүрслэл тавилт болоод өнгө тавилт юм. Уран сайхны гоо зүйд анхаарсан боловч, реализмаа хэзээ ч алдаагүйгээрээ гайхалтай. Тодруулбал, киноны зураглалыг яг зөв өндрөөс кадрлаж, харууцыг амьд хийгээд сайхан харагдах тэр өнцгөөс гаргаж ирэхийг хичээсэн нь мэдэгдэнэ. Ийнхүү, дүрслэлээ зүрх сэтгэлтэй болгосноор, хүнд хэцүү нөхцөл байдлын зураглал ч тэгтлээ горь тасарсан шинжтэй болоогүйгээрээ тайзны тавилтын энэ сонголт төгс болсон байна. Энэ сонголтын ачаар, үзэгч олны нүдэнд нөхцөл байдал хоногшин үлдэх аж. Өөрөөр хэлбэл, амьд оршихуй зүгээр л өөрийгөө мэдэгдэхэд тус болсон энэхүү сонголт нь аливаа хэтрүүлэггүй юм. Ингэснээрээ, өгүүлэгдэж буй түүх нь киноны явцад үзэгчдэд маш ойр байхын сацуугаар, кино дууссаны дараа ч үлдэж хоцрохуйц болжээ. Тиймээс ч, кино зураглаач Дэлгэржаргалын Даваанямд халуун баяр хүргүүштэй.
2023.05.21
Орчуулсан: Шагдарсүрэнгийн Номиндарь
Жоффри Набавиан-ы сэтгэгдлийг энд дарж уншина уу.
“Баавгай болохсон” кино Каннд түүх бичиж, Монголын кино урлагийн салбар хүрээгээ тэлэв
Каннын кино наадамд албан ёсоор шалгарсан анхны монгол кино болох Пүрэвдашийн Золжаргалын “Баавгай болохсон” бүтээл нь үйл ажиллагаагаа идэвхжүүлж буй Монголын кино урлагийн салбарт бас нэгэн чухал алхам хийлээ.
Найруулагч Золжаргал байгуулагдаад удаагүй байгаа Монголын Үндэсний Кино Урлагийн Зөвлөл, Монголын Кино Урлагийг Дэмжих Сан зэргийг дурдаад, “Байдал сайжирч байгаа. Монгол Улс кино урлагийн тухай хуулиа саяхан баталсан болохоор [2022 оны 1-р сард хүчин төгөлдөр болсон] одоо л яг эхлээд явж байна. Ирээдүйд илүү олон кино хийх боломжтой болно гэж найдаж байна.” гэсэн юм.
Түүний анхны бүрэн хэмжээний уран сайхны кино Каннд “Тодорхой нэгэн өнцөг” ангилалд нээлтээ хийж буй бөгөөд, уг бүтээлийг Амигдала Фильмс, Францын Урбан Фактори продюсерлэсэн ба Урбан Сэилс түгээлтийг нь хариуцаж байна.
“Монгол талтай кино хамтран продюсерлэхэд тийм амар биш хэвээрээ байгаа ч, монгол кинонуудыг дэмжих сан ашгүй байгуулагдлаа. Дотоодынхоо бүтээлүүдийг дэмжээд, тэр нь Канн хүрч байна гэдэг бол сайны тэмдэг.” хэмээн Урбан Факторигийн Фрэдэрик Корвэз тэмдэглэлээ.
“Баавгай болохсон” кинонд Монгол улсын нийслэл Улаанбаатар хотноо амьдардаг өсвөр насны Өлзий хөвүүний тухай гардаг. Физикийн хичээлд онцгой тэрээр их сургуульд тэтгэлгээр сурахаар хичээн зүтгэх боловч, архинаас хамааралтай ээж нь хөдөө явснаар Өлзий дүү нартайгаа хамт хахир өвөлтэй нүүр тулан үлдэнэ.
Ганц бие ээжтэйгээ гэр хороололд өссөн найруулагч Золжаргал “Ядуурлыг арилгах хамгийн шилдэг арга бол боловсрол. Энэ бол зөвхөн Монголын ч асуудал биш. Хүүхэд бүрт тийм боломж олдох ёстой. Би хамгийн сайн ахлах сургуульд суралцаад, тэндээсээ Японд тэтгэлгээр суралцсан учраас хувийн туршлагаасаа ярьж байна. Өнөөдөр би гурван хэлээр ярьдаг, өөрийгөө болгоод явж чаддаг. Киногоор дамжуулж хэлэх гэсэн бүх сэдэв, санаа маань энд байгаа учраас би буцаж ирсэн. Харин найзууд маань нөгөөх л хорлонт тойрогт үлдэж гацсан хэвээрээ.” хэмээн ярьсан юм.
Золжаргалын киноны гол дүр Өлзий гэр бүлийнхээ ирээдүйг өөрчилж чадна гэдгээ ухаарч эхэлдэг нь “Good Will Hunting” (Сайн Вилл Хантин) кинонд Мэтт Дэймон Өмнөд Бостоны суут ухаантны дүрийг бүтээн гардагтай төстэй.
“Боловсрол бол зөвхөн математик, физикийн асуудал биш юм. Санхүүгээ яаж зохицуулах вэ, гэр бүлээ хэрхэн төлөвлөх вэ гэх мэт ч бүгд боловсролын асуудал. Тийм ч учраас би энэ киног хийсэн. Үүгээрээ би “Бид юу хийж чадах вэ?” гэж асуух гэсэн юм. Яагаад гэвэл бид зайлшгүй нэг юм хийх ёстой болоод байна.”
Кинондоо Монголын ёс заншлаас харуулах авч, улс орноо чаминжуулаагүй найруулагч Золжаргал гэр хорооллын хүүхдүүдтэй хамтран ажиллахаар шийдсэн явдал бол, бодит байдал бүрхэг саарал байлаа ч гэсэн, түүнтэй ойрхон байхыг хичээсэнтэй нь холбоотой. “Монголд илүү их жуулчин авчрах нь миний зорилго байгаагүй. Би энэ түүхийг үнэн бодитоор нь өгүүлж, агаарын бохирдлын тухайд л гэхэд авч буй утгагүй арга хэмжээнүүдээс нь харуулахыг хүссэн юм. Төслөө эхэлж байхдаа уур минь их хүрдэг байлаа. Одоо бол харин инээхтэйгээ болсон. Энэ хүүхдүүд илүү сайн сайханд хүрнэ гэдэгтээ үргэлж итгэж найддаг. Кино зохиолоо хөгжүүлж байх үед минь хүмүүс “Үүнийгээ ганц үгээр илэрхийж болох уу?” гэж асуухад нь би “Итгэл найдвар” гэж хариулдаг байлаа.” гэж найруулагч дурссан юм.
Киноны ассошиэт продюсер Маэва Савинион “Найруулагчийн өөрийнх нь туршлагаас сэдэвлэсэн гэдэг нь үнэхээр илт байдаг.” гэсэн бол, Монголын Үндэсний Кино Урлагийн Зөвлөлийн Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтэсийн захирал Гэрэлтуяагийн Номин-Эрдэний хувьд энэ кино Монгол жүжигчид, кино багийг гадаадад танилцуулах “томоохон танилцуулга” болж байгаа аж. “Олон улсын төслүүдэд зориулсан төсвийн хөнгөлөлт, урамшуулалт бий болгож буйтай маань холбогдуулан, дэлхийн хэмжээний илүү олон тоглогчид Монголыг кино зураг авалтын газар болгон сонгоно гэж найдаж байна. Тийм ч учраас иймэрхүү хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлэхээр бүрэн бэлдээд байгаа.” хэмээн тэрээр нэмсэн юм.
Дор хаяж 500,000 ам.долларын зарлага бүхий кино төслүүд Монголын газар нутаг дээр хийгдсэн бол кино бүтээх зардлынхаа 45 хүртэлх хувийг нөхөн төлбөр хэлбэрээр буцаан авах боломжтой болжээ. Үүнд зураг авалтын 30%, соёлын танилцуулгын 10%, гадаадын авъяасын нөхөн төлбөрийн 5% тус тус орж байгаа юм байна. Түүнчлэн, Монголын Кино Урлагийг Дэмжих Сангаас дотоодын төдийгүй, олон улсын хамтын ажиллагаа бүхий кино төслийг ч дэмжин санхүүжүүлэх боломжтой болсон байна.
“Өөрөөр хэлбэл, Монголын кино бүтээгчид кино төсөлдөө зориулж нэмэлт дэмжлэг, нөөц бололцоонд хамрагдаж болохоос гадна, олон улсын хамтын ажиллагааны хүрээнд Монголын өвөрмөц соёл, орчин, түүхийг дэлхий нийтийн үзэгчдэд хүргэх боломжтой гэсэн үг.”.
2023.05.22
Орчуулсан: Шагдарсүрэнгийн Номиндарь