Өмнөд Солонгосын алдартай жүжигчдийн нэг Жан Хёг Монгол Улсад өчигдөр /2023.06.15/ ирсэн билээ. Тэрбээр БНСУ-ын “JTBC” телевиз “Couriers in Mongolia” буюу “Монгол дахь шуудан зөөгчид” нэртэй шинэ шоу нэвтрүүлэгт оролцохоор ирсэн аж.
Тус шоу нэвтрүүлэг нь энэ зун үзэгчдийн хүртээл болох бөгөөд жүжигчин Жан Хёг, Ча Тэ-хёнь, Хон Гюн, Кан Хун, дуучин Хон Гён Мин, Ким Жон күк нар оролцож байгаа юм.
Жан Хёг жүжигчнийг Сэргэлэн охин Ян сунь, Боолын ангууч зэрэг киногоор нь монголчууд сайн мэдэх билээ. Нэвтрүүлгийн үеэр Солонгос жүжигчид Монголд морь унаж говь хээр, хөдөө нутгаар хүргэлтийн үйлчилгээ хийх бөгөөд нүүдэлчдийн амьдрал, Монголын үзэсгэлэнт байгальтай танилцах юм.
“Монгол дахь шуудан зөөгчид” шоуны гол агуулга нь хүргэлтийн дэд бүтэц сайн хөгжөөгүй Монгол Улсад илгээмжийг хүргэх явдал юм. Харь оронд нэвтрүүлгээ хийж буй нь шоуг илүү адал явдалтай, сэтгэл хөдөлгөм болгожээ.
Шоуны продюсероор Ким Мин Сеок, Пак Гын Хён нар ажиллана. Тэд өмнө нь “You Quiz on the Block” болон “JTBC” сувгийн “Handless Day” зэрэг киног хамтран найруулж байжээ.