Мягмар гарагт /2024.01.09/ БНХАУ хиймэл дагуул хөөргөсөн. Үүнийг Тайванийн арми Хятад хэл дээр мэдээлэхдээ “БНХАУ хиймэл дагуул хөөргөлөө” гэсэн бол Англи хэл дээр “Тайванийн агаарын орон зай дээгүүр пуужин нисэж байна” гэж мэдэгдсэн байна.
Үүний дараа Тайванийн зэвсэгт хүчин уучлал гуйж, БНХАУ хиймэл дагуул тээвэрлэж буй пуужин хөөргөсөн гэж зарлуулаг нэмж хийсэн юм. Ирэх бямба гарагт /2024.01.13/ Тайваньд ерөнхийлөгч болох парламентын сонгууль болно.
Үүнтэй холбогдуулан Хятад улс Тайванийн ойролцоо бараг өдөр тутам цэргийн онгоц болон хөлөг илгээж байгаа. Мөн Хятадын албан тушаалтнууд ирэх сонгуулийг дайн эсвэл энх тайвныг шийдэх зүйл хэмээн хэлсэн билээ. БНХАУ-аас энэ мэт улс төр болон зэр зэвсгийн дарамт ирж байх үед пуужин нисэж байна гэх мэдээлэл түгшүүр дэгдээх нь мэдээж.
Тэгвэл БНХАУ-ын Тайванийн хэрэг эрхлэх газар лхагва гарагт /2024.01.10/ “Reuters” агентлагт тодруулга өгөхдөө хиймэл дагуулыг жил бүр хөөргөдөг тогтмол өдрөө хөөргөсөн, Тайванийн сонгуультай ямар ч холбоогүй гэж мэдэгджээ.
Тайванийн ерөнхийлөгчийн тамгын газар хиймэл дагуул хөөргөсөн явдал сонгуульд хөндлөнгөөс оролцох гэсэн оролдлого биш, улс төрийн шалтгаангүй гэж үзэж буйгаа мэдэгдсэн юм.
Эрх баригч намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж буй Лай Чин Тэ Тайванийн арми хиймэл дагуулын нислэгийн замыг харуулсан графикийг нийтэлснийг дэмжиж буйгаа илэрхийлжээ.
Тэрбээр “Ард түмний мэдэх эрхийг хангаж, олон нийтэд буруу ойлголт төрүүлэхгүйн тулд ийм мэдээлэл хийсэн. Мөн пуужингийн сэг Тайванийн газар нутагт унасан тохиолдолд холбогдох байгууллагад нь шилжүүлж болно. Тийм учраас ийм мэдээлэл хийх нь зохистой” гэж хэлсэн юм.
Харин сөрөг хүчний Куоминтан засгийн газрыг шүүмжилж, хиймэл дагуул хөөргөх үед гаргасан сэрэмжлүүлгийг сонгууль дээр тоглолт хийхийн тулд ашиглах ёсгүй хэмээжээ. Тус намын дарга Эрик Чү сэрэмжлүүлгийг андуурч гаргав уу эсвэл ямар нэгэн зорилго тээж гаргасан уу гэж хэлсэн байна.
Эрик Чү “Сүүлийн үед Ардчилсан Прогрессив нам (Эрх баригч нам) бүх зүйлийг л сонгуульд хөндлөнгөөс нөлөөлөх гэсэн БНХАУ-ын оролдлого гэх болсон. Саяны үйл явдал дахиад л сонгуульд хөндлөнгөөс оролцох оролдлого гэгдэх асуудал боллоо” хэмээжээ.
Тайванийн Батлан хамгаалах яам үндэсний аюулгүй байдлыг харгалзан үзсэний үндсэн дээр сэрэмжлүүлэг гаргасан, улс төрийн оролцоо огт байгаагүй гэсэн юм.
Эх сурвалж: Reuters, Associated Press