Бэлгийн хүчирхийллийн хэрэгт сэжиглэгдэн эрэн сурвалжлагдаж байсан “Будда хүү” хэмээн алдаршсан шашны зүтгэлтнийг өнгөрсөн Мягмар гарагийн орой баривчилсан тухай Балба улсын цагдаагийн байгууллага өчигдөр мэдээлжээ.
Рам Бахадур Бомжан хэмээх нэртэй энэ хүнийг насанд хүрээгүй хүмүүсийг садар самуунд уруу татсан хэргээр баривчлах шийдвэр 2020 онд гарч байсан юм.
Тэрбээр оргон зугтаж явсны эцэст Балбын нийслэл Катманду хотын өмнөд Бара дүүрэг дэх өөрийн эзэмшлийн сүмээс баригджээ.
34 настай оргодлыг баривчлахад хүмүүсийн цагдаад өгсөн мэдээлэл тус болсон байна. Түүнийг баривчилсан сүмээс арав гаруй гар утас, таван зөөврийн компьютер болон таблет, $200,000-тай тэнцэх гадаад дотоодын валют хураажээ.
Бомжан анх 2005 онд 15 настайдаа ширэнгэн ойд 10 сарын турш бясалгал үйлдсэнээр олны анхаарлыг татаж байв.
Түүнийг хоол ундгүй, унтаж амралгүй ийм удаан бясалгасан гэх яриа тухайн үед нутгийн хүмүүсийн дунд тарж байжээ.
Улмаар хүмүүс түүнийг Буддагийн хойд дүрд өргөмжилж, гадаадын хэвлэлүүдэд “Будда хүү” гэх нэрээр алдаршсан байна. Балбаас төдийгүй хөрш Энэтхэгээс олон мянган сүсэгтнүүд Бомжанд мөргөхөөр ирдэг болжээ.
Олонд танигдсанаасаа хойш хоёр жилийн дараа тэр анхны мөргөл залбирлаа зохион байгуулахад 3,000 орчим хүн цугларч байсан гэдэг.
Гэвч сүүлийн жилүүдэд Бомжаныг янз бүрийн хэл ам, хов жив дагах болсон юм.
2018 онд түүний нэг эмэгтэй шавь насанд хүрээгүй байхдаа багшдаа хүчиндүүлснээ нийтэд зарлаж байв. Тухайн үед Бомжаны сүм хийдүүдийг хариуцсан менежэр хэвлэлийн хурал зохион байгуулж, дээрх мэдэгдлийг “зохиомол зүйл” хэмээн няцааж байжээ. Сая түүнийг баривчилсан шийдвэр нь дээрх хэрэгтэй холбоотой юм байна.
Үүнээс гадна 2019 онд шавь нарын зарим нь сураггүй алга болсонтой холбогдуулан цагдаа нар Бомжаны эзэмшлийн байгууламжуудад нэгжлэг зохион байгуулж байсан юм.
Эх сурвалж: CNN