Нийт газар нутгийнхаа хэмжээгээр дэлхийд 19-д, нэг квадрат километр талбайд ногдох хүн амаараа нэгд ордог атал Монгол Улсын 3.4 сая иргэний талаас илүү хувь нь нийслэл Улаанбаатарт амьдардаг. Дөрвөн уулаар хашигдсан, 4700 хавтгай дөрвөлжин километр газарт оршдог Улаанбаатар нь улс төр-эдийн засгийн төв цэг, улсын төвлөрлийн гол бүс. Нийслэлд албан ёсоор 1.6 сая иргэн амьдардаг гэх ч үнэндээ албан бус тоо нь үүнээс илүү. Тэр хэрээр утаа-түгжрэл нь улаанбаатарчуудын зовлонгийн үндэс болсон. Их дээд сургуулиудын 92.8, аж ахуйн нэгжүүдийн 80 хувь нь Улаанбаатарт үйл ажиллагаа явуулдаг, улсын ДНБ-ий 70 орчим хувийг Улаанбаатар үйлдвэрлэдэг. Иймээс эдийн засгийн статистик нь улсын ба Улаанбаатарын гэж хоёр өөр гардаг.
Улс нь 21 аймагтай, 300 гаруй сумтай мөртлөө хотод нь хэт төвлөрөл, хөдөөд нь хүн амын сийрэгжилт үүссэн. Энэ нь эдийн засаг, эрүүл мэнд, боловсрол,ажилгүйдэл, ядууралд сөргөөр нөлөөлөөд удаж байна. Үндсэндээ хот-хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг арилгаж, орон нутагт ажлын байр бий болгохгүй бол алсдаа “Улаанбаатар улс” бий болж мэднэ. Тэгвэл үндэсний аюулгүй байдалд ч аюул нүүрлэнэ гэсэн үг.
Бүсчилсэн хөгжил бол шинэ сэдэв биш юм. УИХ-аар 2001 онд Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг батлаж, энэ хүрээнд тодорхой бодлого хэрэгжүүлж ирсэн. Атал өнөөдөр ч Улаанбаатарыг чиглэх их нүүдэл үргэлжилсээр байна. Зах зээл нь хаана байна, тийшээ хүмүүс тэмүүлнэ. Ажлын байр хаана байна, тэнд хүмүүс амьдарна. Гоё, гоё хууль батлаж, том мөнгөн дүнтэй төсөл хөтөлбөрүүдээс илүү хотын төвлөрөл, хөдөөгийн шилжилт хөдөлгөөнийг саармагжуулах хамгийн гол хөшүүрэг нь орон нутагт ажлын байр, зах зээлийг бий болгох явдал.
Орон нутгаас хотыг чиглэсэн шилжилт хөдөлгөөн ганц Монголд тохиолдож буй бэрхшээл бас биш. Гэсэн хэдий ч дэлхийн улс орнууд “толгойн өвчин” болсон энэ асуудлаа төвлөрлийг задлах, бодлогоо шинэчлэх, суурьшлын бүсээ томсгох маягаар шийдэж байна.
Засгийн газраас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил болгон зарласан. Гэвчиг зарлах амархан, зарласнаа ажил хэрэг болгох хэцүү. Ямартай ч эхний ээлжинд жалгын улс төрөөс салж байж бүсчилсэн хөгжлийг бий болно. Иймээс сонгуулийн тогтолцоог пропорциональ болгож, тойргийг томсгон бүсчилж, 13 тойрогт хуваасан нь нэг талдаа улсын төсвийг жалгаар нэг цацахаас хамгаалсан шийдэл байв. Тойрог услах нэрээр УИХ-аас улсын төсвийг 333 хуваагаад цацчихдаг, эргээд энэ нь улсын хөгжлөө хорлосоор ирсэн. Мөнгөө дов болгон тараачхаар яаж том төсөл хөтөлбөрөө санхүүжүүлэх ч билээ. Жил болгоны төсөв дээр гишүүн болгонд хуваариладаг дөрвөн тэрбум сум, орон нутгийн амьдрах орчныг сайжруулж, ажлын байр бий болгосон уу гэвэл үгүй.
Өнгөрсөн 30 жилд стратегийн ач холбогдолтой цөөнгүй мега төсөл эхлүүлж, шав, шалийг нь тавьсан нь ихэнх нь цаасан дээрх мөрөөдлийн жагсаалт болоод өнгөрсөн. Аж үйлдвэрийн парк, Арьс шир боловсруулах үйлдвэр, ДЦС IV–ын өргөтгөл, Эгийн гол, Эрдэнэбүрэнгийн УЦС гэхмэтчилэн том бүтээн байгуулалтыг ярьж эхлээд хорь, гучин жил өнгөрсөн. Тойрогтоо барьцаалагдсан улстөрөөс салж чадахгүйгээр том төслүүдийг хөдөлгөх нь хоосон амлалт төдий.
Тиймээс өнгөрсөн долоо хоногт, Төрийн ордонд бүсчилсэн хөгжил, бүсчилсэн эдийн засгийн талаар хоёр өдрийн турш хэлэлцэв. Уг форумаар Монгол Улсын зургаан бүсэд хувааж, урьдчилсан байдлаар тэргүүлэх чиглэлүүдийг нь тодорхой болгожээ.
1.Хангайн бүсийн тэргүүлэх чиглэл нь төрөлжсөн аялал жуулчлал. / Археологи, амралт, рашаан сувилал, шашин гэх мэтчилэн)
2.Баруун бүсийн тэргүүлэх чиглэл нь эдийн засгийн коридорыг түшиглэсэн худалдаа, үйлчилгээг хөгжүүлэх,
3.Хойд бүсийн тэргүүлэх чиглэл нь шинжлэх ухааан технологи, аж үйлдвэр, эрчимжсэн мал аж ахуй, газар тариалан аж.
4. Төвийн бүсийн тэргүүлэх чиглэлд эрчим ХАА, хүнсний үйлдвэрлэл, хил орчмын аялал жуулчлал багтаж байна
5. Зүүн бүсийн тэргүүлэх чиглэл нь боомтын хөгжил тээвэр логистик, эрчимжсэн мал ахуй, хил орчмын аялал жуулчлал аж.
6. Говийн бүсийн тэргүүлэх чиглэлийн хүрээнд уул уурхай, хүнд үйлдвэр, барилгын материалын үйлдвэрлэлийг анхаарч ажиллах аж.
Жишээ нь, Сэлэнгэ, Дархан-Уул, Төв аймагт эрчимжсэн хөдөө аж ахуй, газар тариаланг хөгжүүлж, хүнс экспортлогч бүс болж эдийн засгийг төрөлжүүлэх боломжтой. Эдгээр аймгуудад нийтдээ 320 мянган хүн амьдарч, ДНБ нь хоёр их наяд 900 тэрбум төгрөг байна. Мөн улсын хэмжээнд үр тарианы 70.2, хүнсний ногооны 66, төмсний 79.4 хувийг хангадаг.
Дорноговь, Өмнөговь, Говьсүмбэр, Дундговь аймгийг аж үйлдвэр, уул уурхайн бүс нутаг болгон хөгжүүлэхэд тохиромжтой. Тэрхүү бүсэд нийтдээ 207 мянган хүн амьдардаг, ДНБ нь дөрвөн их наяд төгрөг. Экспортын дөрвөн шинэ төмөр замтай. Оюутолгой, Тавантолгой, Газрын тос боловсруулах үйлдвэр зэрэг мега төслүүд хэрэгжиж байна.
Ховд, Баян-Өлгий, Увс, Завхан, Говь-Алтай аймагт сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх бүрэн боломжтой. Хүн ам нь 473 мянга, ДНБ нь гурван их наяд 424 тэрбум төгрөг. Баруун бүс нь Монгол орны газар нутгийн 26.5, хүн амын 16 орчим, мал сүргийн 30 гаруй хувийг эзэлдэг. Харин Өвөрхангай, Баянхонгор, Архангай аймгийг уламжлалт мал аж ахуйдаа түшиглсэн хөнгөн аж үйлдвэрлэл, түүхэн дурсгалт хот байгуулах бүрэн боломж бий. Нийтдээ 295 мянган хүн амьдардаг агаад ДНБ нь хоёр их наяд 208 тэрбум төгрөг. Энэ бүс нутаг 13.7 сая малтай. Тэгвэл Орхон, Булган, Хөвсгөл аймгийг байгалийн аялал жуулчлалын төрөлжсөн бүс болгож боломжтой, улсын хэмжээнд аж үйлдвэрийн салбарын 25 хувийг бүрдүүлж байна.
Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийг түүхэн аялал жуулчлалын төрөлжсөн бүс болгоход тохиромжтой. Зүүн бүсэд нийт адууны 23, үхрийн 18 хувь бий. Нийт үр тарианы 8.9 хувийг бүрдүүлдэг. Энэ бүс нь газарзүйн байршлын давуу талаа ашиглан олон улсын түвшинд Зүүнхойд Азийн эдийн засгийн интеграци (6 улс)-д нэгдэхэд “Монгол-Орос-Хятад”-ын эдийн засгийн коридор байгуулах гол бүс нутаг аж.
Нийслэл хотыг төр, эдийн засаг, соёлын бүс болгохоорбүсчилсэн хөгжлийн бодлогод тусгасан байна. Улаанбаатарт нэг сая 539 мянган иргэн амьдарч, ДНБ нь 33 их наяд 851 тэрбум төгрөгт хүрчээ.
Ийнхүү Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн загвараа зурлаа, ярилаа, тохирлоо. Гагцхүү мөнгө үрсэн, цаг үрсэн цаасан дээрх мөрөөдлийн жагсаалт л битгий болчихоосой билээ.